Friday, February 13, 2015

Есдүгээр сарын 11-ний халдлагын өөр өнцгөөс харвал...

Есдүгээр сарын 11-ний халдлагын таван жилийн ойгоор америкчуудын дунд судалгаа явуулж, энэ террорист халдлагыг лалын хэт даврагсад зохион байгуулсан гэдэгт итгэдэг үү? эсвэл АНУ-ын Засгийн газрын нууц явуулга гэж боддог уу хэмээн асуужээ. Гэтэл судалгаанд оролцогчдын 30 гаруй хувь нь "9/11 халдлага бол Ойрхи Дорнодод дайн хийх шалтаг олох гэсэн Цагаан ордны санаатай явуулга" гэж үздэгээ илэрхийлсэн байна.Энэ бол 9/11-ний террорист халдлагын талаарх үнэн худал нь батлагдаагүй элдэв таамаг яриа олон нийтэд хэр туссаны илэрхийлэл юм Халдлага гарсны дараа америкчууд бүү хэл дэлхий даяараа шоконд ороод энэ үнэхээр хэт даврагсдын хийсэн хэрэг үү, аль эсвэл дотроосоо гаргасан нууц явуулга уу гэдгийг ялгаж салгах сөхөөгүй байв.
Харин хэдэн сарын дараагаас Европын хэвлэлүүдээр энэ халдлагыг АНУ-ын тагнуулын төв газар өөрсдөө зохион байгуулсан юм биш үү гэдэг таамаг яриа гарч эхэлсэн. Гэвч америкчууд энэ ярианд төдий л автаагүй юм. Харин 2004 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ж.Буш нэр дэвшиж, дахин сонгогдох үед энэ хэрэгт түүний оролцоо байсан эсэхийг дүгнэн нягталсан мэдээллүүд хэвлэлээр гарах болж, улмаар 2005-2006 онд бүр хүчээ авсан юм.
Энэ үед зарим хэвлэл, сэтгүүлчид, төрийн бус байгууллагуудын гаргаж тавьсан баримт болоод үйл явдлын талаарх логик гаргалгаа гээд өмнө нь анзааралгүй орхисон зүйлс олон нийтийн анхаарлыг татах болсон. Энэ үед Иракт аль хэдийнэ дайн эхлүүлээд байсан АНУ Саддам Хуссейны нуусан гэх хүн амыг үй олноор нь хөнөөх зэвсгийг олоогүй нь "Энэ бүхэн тэр чигтээ худал хуурмаг байсан юм биш үү" гэсэн хардлага төрүүлж, 9/11 тухай элдэв цуу яриаг бүр ч үнэмшилтэй болгосон юм. Ингээд одоо хүртэл олныг эргэл-зүүлсээр байгаа цуу яриануудаас хамгийн үнэмшилтэй зарим нэгийг нь дурдахад ийм байна.
Террористуудыг үнэхээр зогсоож чадахгүй байсан гэж үү
Манай дэлхий дээрх хамгийн дэвшилтэт техник хэрэгсэл бүхий АНУ-ын арми, аюулаас хамгаалах хүчин онгоц барьцаалсан хэдхэн террористыг үнэхээр зогсоож чадахгүй байсан уу гэдэг асуулт одоо ч олныг гайхашруулж байна. Хойд Америкийн агаарын батлан хамгаалах хүчин гэдэг хүчирхэг байгууллага аюулд орсон онгоцоо аврах хангалттай нөөц бололцоо, хүчин чадалтай гэж энэ салбарын мэргэжилтнүүд үздэг. Тус байгууллага аливаа онгоцны байршлыг илрүүлэн, аюултай бол зогсоох, ядаж л ихэр цамхагийг мөргөхөөс урьдчилан сэргийлэх боломж байсан.



Гэтэл харсаар байтал тэдэнд дөрвийн дөрвөн онгоц барьцаалуулсан нь террористуудын үйлдлийг өөгшүүлэх мэт зөнд нь орхисноос зайлахгүй гэж үзэхэд хүргэж байгаа юм.Гэхдээ энэ гэм буруугаас зугтах нэг хариултыг Агаарын батлан хамгаалах хүчин хэлдэг. Тэр бол Холбооны агаарын тээврийн агентлаг онгоц барьцаалагдчихаад байхад энэ тухай цагт нь мэдээлээгүй гэдэг гомдол юм. Энэ нь үнэн ч бай худал ч онгоцыг хамгаалах ёстой хүмүүс нь ажиллаж чадаагүй гэдэг нь тодорхой байгаа юм. Үүнээс өмнө бол тэд сайн ажиллаж байсан. 1979 оноос хойш 2001 он хүртэлх хугацаанд АНУ-д ганц л удаа онгоц барьцаалагдаж, тэр нэг тохиолдол нь ч гарз хохиролгүй өнгөрч байсан юм. Ийм хянамгай ажилладаг Агаарын батлан хамгаалах хүчин харин яагаад есдүгээр сарын 11-нд л болгоомж алдсан нь гайхмаар.

Энд өөр өнцгөөс харахаар бас нэг баримт бий. Халдлага гарсан өдөр Вашингтон хотын Эндрю нисэх баазад байсан зарим байлдааны онгоцыг Хойд Каролина руу сургууль хийхээр илгээжээ. Ингэснээр АНУ-ын нийслэлийн хамгаалалтад ердөө 14 онгоц үлдсэн байжээ.Агаарын батлан хамгаалах хүчинтэй холбоотой бас нэг сэжигтэй баримт бол тус байгууллага 1999 онд террорист халдлагын сургуулилт хийж байсан удаатай. Гэхдээ тэр сургуулилт нь яг Нью-Йоркийн хоёр өндөр болон Пентагон руу онгоц барьцаалагчид халдаж байгаа зохиомжтой байсан гэдэг. Пентагон ч иймэрхүү зохиомжтой сургуулилтыг 2000 онд хийж байжээ.
Ихэр цамхаг нурах ёсгүй байв
Дэлхийн хамгийн өндөр барилга болох ихэр хоёр цамхаг олны нүдэн дээр нуран унасан дүр зураг бол дэлхий дахиныг цочирдуулсан түүхэн үйл явдлын нэг. Гэвч зарим нэг судлаачийн хэлж буйгаар энэ аварга том барилга ингэж хэдхэн цагийн дотор сүйрэх ёсгүй байв. Бүр онгоцоор мөргөсөн ч тэгтлээ тоос татуулан нурж унах ёсгүй байжээ. 9/11 бол зохион байгуулалттай явуулга гэж үздэг хүмүүсийн тайлбарладгаар бол ихэр барилгын сүйрэл нь онгоц мөргөснөөс болсон юм биш, гал гарсан нь бүр ч хамаагүй, харин барилга дотор тэсрэх бодис дэлбэлснээс болсон гэнэ. Тэгвэл яах гэж тэнд тэсрэх бодис тавьсан хэрэг вэ. Дэлхийд алдартай энэ барилгыг олон зуун сая хүний нүдний өмнө сүйрэн унаж байгааг харуулснаар АНУ-ын Засгийн газар лалын ертөнцөд дайн хийх бөөн шалтаг болох учиртай ч байсан байж мэднэ.Албан ёсны тайлбараар бол ихэр цамхагийн тулгуур төмөр нь хайлсан учир барилга нурсан гэдэг.
Гэвч АНУ-ын физикч Стивен Жонс, архитекторч Ричард Гэйж, софтвэйрийн инженер Жим Хоффман нарын гаргаж тавьсан үндэслэлээр онгоц мөргөсний нөлөө болон түүний улмаас гарсан гал нь байшингийн тулгуурыг хайлуулж дөнгөхгүй гэнэ. Онгоцны түлшний шатах температурыг тооцож үзлээ ч байшингийн тулгуур төмөр хайлах 1000 хэмийн халуунд хүрэхгүй гэж дээрх судлаачид баталдаг юм. Түүнчлэн барилгын шатсан үнс нурамнаас байшинг тэслэхэд ашигладаг термит хэмээх бодисын ул гиөр олдсон нь Дэлхийн худалдааны төвийг гадны хүч биш харин түүнээс илүү чадалтай дотоод хүчин сүйрүүлсэн байх гэдэг сэжиг таам-гийг улам лавшруулж байгаа юм. Дэлхийн худалдааны төвтэй холбоотой өөр нэг сонирхолтой баримт байдаг нь тус барилгын эзэн Ларри Силверштейн 2001 оны долдугаар сарын 24-нд хоёр цамхагаа 99 жилээр түрээслүүлсэн байдаг. Ингэхдээ тэрээр алан хядах ажиллагааны эсрэг 3.5 сая ам.долларын даатгал хийлгэсэн байжээ. Дашрамд дуулгахад тэрээр халдлагын дараа удтал шүүхээр явсны эцэст 800 сая шахам ам.долларын нөхөн төлбөр даатгалаас гаргуулж авсан юм.
Пентагоныг онгоц мөргөсөн үү эсвэл...

9/11-нд онгоцонд мөргүүлсэн Пентагоны тухай хоёр янзын яриа байдаг. Үүний нэг нь АНУ-ын засаг захиргаа Батлан хамгаалах яам руу нь халдах гэж байгаа онгоцыг замаас нь буудаж унагаагүй тухай, нөгөө нь Пентагоныг ямар ч онгоц мөргөөгүй гэдэг таамаг юм. Пентагоныг яагаад ямар ч онгоц мөргөөгүй гэдэг таамаг гарсан гэхээр тус барилгад үлдсэн ул мөр нь онгоц мөргөсөн гэхэд хэтэрхий жижиг байгаа учраас гайхал төрүүлсэн хэрэг. 38 метр өргөн, 47 метр урт Бойнг 757 онгоц яажмөргөхөөрөө Пентагоны хананд ердөө 18 метр нүх гаргадаг байна гэсэн асуулт эндээс урган гарч байгаа юм. Ямартай ч Пентагоныг гадны ямар нэг биет мөргөсөн нь үнэн. Хэрвээ онгоц биш юм бол тэгээд Пентагонд үлдсэн ул мөр юуных вэ гэдэг асуултад судлаачид хариулахдаа богино тусгалын пуужин гэлцдэг. Энэ тухай "9/11: Том худал" хэмээх номонд дэлгэрэнгүй өгүүлсэн нь олон улсад бестселлер болсон билээ.Пентагоны тухай энэ таамаг олон хүнийг эргэлзүүлсэн ч тус барилгыг мөргөсөн 77-дугаар нислэгийн онгоц үнэхээр барьцаалагдсан гэдгийг түүнд явсан хүмүүсийн дуудлага гэрчилдэг. Тус онгоцонд явсан Рене Мэй гэдэг эмэгтэй ээж рүүгээ ярьж онгоц нь барьцаалагдсан тухай дуулгасан бол Барбара Олсен гэдэг өөр нэг эмэгтэй нөхөртөө мөн энэ тухай утастаж хэлсэн байдаг. Тэгээд ч Пентагоныг онгоц мөргөж байгааг олон гэрч нүдээр харсан гэдэг билээ.
93 дугаар нислэг
Террористуудын барьцаалсан дөрвөн онгоцоос ямар нэг бай мөргөөгүй үлдсэн ганц онгоц нь 93 дугаар нислэгийнх байв. Пенсильванийн Шанксвиллед задгай талбайд унасан энэ онгоцыг АНУ-ын өөрийнх нь байлдааны онгоц устгасан гэдэгтаамагбайдаг. Ингэж үзэХ болсон нэг шалтгаан нь онгоцны хөдөлгүүр нь онгоцны эх биеийн үлдэгдлээс хэтэрхий хол шидэгдсэн явдал юм. Бусад онгоц-ны ослын туршлагаас харахад хөдөлгүүр нь эх биеэсээ ингэж хол шидэгддэггүй гэнэ. Гэтэл 93 дугаар нислэгийн онгоцны хөдөлгүүр эх биеэсээ 1.6 километр гаруй хол зайтай олдсон нь онгоцыг ямар нэгэн пуужингаар харвасан байх гэсэн таамаг төрүүлж байгаа юм.
"Хуурамч" террористууд
Халдлага гарснаас хэдхэн хоногийн дараа Холбооны мөрдөх товчоо энэ хэргийг үйлдсэн 19 террористын нэрийг зарласан. Гэвч төд удалгүй тэдгээр хэт даврагсдын зарим нь амьд байгааг зарим хэвлэл илрүүлсэн нь хуурамч террористуудын тухай яриаг гаргасан юм. Зүй ёсоор бол барьцаалсан онгоцтойгоо хамт устсан байх ёстой террористууд яагаад амьд байдаг билээ, эсвэл тэдний нэрийг барьсан хуурамч хэрэгтнүүд байсан уу гэдэг асуулт эндээс гарч ирсэн. Гэвч үүнийг албаныхан тайлбарлахдаа лалын шашинтнуудын нэр хоорондоо ижил төстэй, байдгаас давхардсан гэсэн юм. Террористуудтай холбоотой өөр нэг сэжигтэй зүйл байдаг нь дээрх 19 хэрэгтний 16 нь АНУ-д нэвтрэх эрхгүй хүмүүс байсан атал яагаад тус улс хилээрээ ажиг сэжиггүй оруулсан юм бол гэдэг асуулт юм. Тэр бүү хэл тэдний хоёр нь болох Халид аль Михдар, Навар аль Хазми нарыг Аль-Кайдагийн гишүүд гэдгийг Тагнуулын төв газар мэдэж байсан атлаа Холбооны мөрдөх товчоо, АНУ-ын цагаачлалын албанд мэдэгдээгүйгээс болж АНУ-д ямар ч саадгүй, хууль ёсоор нэвтрэн орсон байдаг. Мөн террористуудын тав нь АНУ-ын цэргийн баазад дасгал сургуулилтад хамрагдаж байсан нь сүүлд илэрсэн билээ.

Нийтлэлч:Б.Сэвжидмаа

эх сурвалж: http://fun.everyday.mn

No comments:

Post a Comment

Манжийн хаад

Хятадын түүхэнд тодорсон хамгийн аугаа гурван хааныг: Цинь Ши Хуанди, Хубилай, Канси гэх юм билээ. Цинь Ши Хуанди бол хүний түүхэнд мэдэ...