Wednesday, March 4, 2015

Чоно ба тотем


Нэг. Шүтээн-дайсан

Нүүдэлчин монголчуудын өвөг дээдсийн онгон шүтээн нь чоно байлаа. Өөрсдийгээ чононоос гаралтай хэмээн сүсэлнэ.  Алдарт “Монголын нууц товчоо” нь  “Дээр тэнгэрээс заяат төрсөн бөртэ чоно...” хэмээн эхэлнэ. Гайхмаар ч юм биш, энэтхэгчүүд үхрийг шүтэн биширдэг лүгээ адил заншил. Ром, Римул хоёр чоно хөхөж өссөн домог, Шаалуу хүүгийн үлгэрээс эхлээд, иймэрхүү итгэл, зохиомжууд  дэлхий дүүрэн.

Харин  монголчууд шиг “бүтээгч”-ээ хайрласан бас үзэн ядсан түүх нь тэнцүү ард түмэн хэр олон байдгийг бүү мэд. Учир нь бүтээгч ба сүсэгтэн хоолоо булаалдах тавилантай ажээ. Малчин ардын сүрэг мал руу “бүтээгч” чоно байнга довтолно. Бурхандаа өргөл тавиг барих, тэр бүү хэл хүн амьтанаар тайлга хийдэг ёс буй боловч  шүтээн нь өөрийн санаачилгаар сүсэгтнийхээ өмч хөрөнгөнд халдах нь бас л тал нутгийн онцлог.

Ингээд тал нутгийн шүтээн ба сүсэгтэн хоёрын хооронд хоол хүнсээ булаалдсан дайн дэгдсээр иржээ. Гэхдээ, чонын ав нь “батлан хамгаалах шинж чанартай зэвсэгт хүчин” гэлээ гэдэг шиг зөвхөн мал сүргээ хамгаалах шаардлагын хүрээнд буюу зохих хязгаарт “ашгийн бус байгууллага”-ын үйл хэрэг аятай өрнөдөг.

Дайнд аль нэг тал нь ялагдаж, амиараа төлөөс хийх учиртай. Мэдээж хүн нь ялж таарна. Гэхдээ бурхныг дайснаар зарлах юм уу, алаад устгачихаж таарахгүй. Ингээд ер бусын гаргалгаа бодож олжээ. “Чоно нь тэнгэрийн амьтан бөгөөд  ижил тэнгэртэйд харагдана, илүү тэнгэрлэгт нь алуулдаг” аж. Дээрхмөрүүд бурхны ариун судартч байхгүй, “нууц товчоо”-нд ч үгүй. Гэхдээ хүн бүр мэднэ. Иймээс мал сүргээ харамлан чоныг намнах нь ан гөрөө, аллага бус харин өөрийнхээ хэр тэнгэрлэг байгааг шалгах тээст маягийн зүйл ажгуу.

 Ер нь тал нутгийн олон арван домогт, амьдралын эрхээр үйлддэгхэрэг явдалдаа зориулсан иймэрхүү эерүүлэл, зөвтгөл дүүрэн байдаг. Саяхан дэлгэцнээ гарсан “Чонон сүлд” кинон дээр бэлтрэгийг алахдаа “тэнгэрт буцаж гар” хэмээн шидэж байгаа нь үүний жишээ. (Яг ийм домог бол сонсоогүй, хэрвээ зохиосон бол  уран бүтээлчид тал нутгийн домгийн сэтгэлгээг гайхалтай ойлгосныг харуулах баримт юм)

Хоёр. Өнгөрсний уяас

Амьдрал бол тасралтгүйгээр өнгөрснөө үдэх процесс. Хичнээн сайн сайхан байлаа ч гэсэн аливаа үзэгдэл өнгөрсний мананд шингэн үлдэх тавилантай. Инээд хөөр дүүрэн хүүхэд насыг орхихгүй бол орь насны жаргалыг амсахгүй шиг, амьдралын эх болсон эхийн сүүнээс гарахгүй бол цаашаа бойжихгүй шиг. 

Харин хүний сэтгэл өнгөрсний сайхан дурсамж, ирээдүйн өөдрөг төсөөлөл хоёроор тэжээгдэх өнөөдрийн цэцэг бөлгөө. Нэг талд байгаа бүхнээ хоцрогдол гэж үзсэн залуу халуун настнууд, нөгөө талд “намайг бага байхад хэлмэгдүүлэлт хүртэл сайхан байсан” гэх ахмадуудын сөргөлдөөн мөнхөд өрнөнө.

Нийгмийн хөгжил ч тэр мэт. Орчин ахуйгаа орвонгоор нь шинэчлэн өөрчлөх дүрэлзсэн эрчим ба хуучинтайгаа зууралдан хоргодох сэтгэхүйн хүчний баланс дээр өнөөдрийн хөгжлийн түвшин оршиж байгаа билээ.

Хөгжин дэвшиж буй хүн төрөлхтөн өнгөрсөн үеэ байнга санагалзана. Яг л нас ахих тусам багын явдал сэтгэлд ургаж, жаргалтай дурсамж хөвөрдөг гэдэг шиг. Хүн төрөлхтний ийм байдал нь хөгжлөөр хоцрогдсон орон зайг тэмтчин байж хуучин уламжлалынхаа тасархайг эрэн олж, гайхан биширч, шагшин дуугаралдах байдлаар илэрнэ.Энэ нь урлаг, мэдээлэлийн тогтолцооны гол илэрхийлэл болно. 

Хималайн уулын мухарт мартагдах шахсан Төвдүүд ба зуун зууны тэртээх төрхөөрөө байгаа Шарын шашин, Амазоны шугуйгаас олдох эртний хэвшилтэй аймгууд, “Монголын” гэгдэх тал нутагт орчин цагийн иргэншилтэй хутгалдан үлдсэн нүүдэлч амьдралын хөврөлүүд дээр ийм жишээг соёлт ертөнцийнхэн соргогоор хардаг.

Ууланд амьдардаг хүмүүс уулаа бүтнээр нь харж чаддаггүй. Уулыг бүтнээр нь харъя гэвэл алсад очих хэрэгтэй. Яг түүн шиг  өнгөрсөн сайн сайхны “үлдэгдэл”-ийг дотор нь байгаа хүмүүс хардаггүй. Харин тэднийг илүү хөгжилтэй орны иргэд, хол түрүүлж яваа өрнөдийнхэн соргогоор аждаг.

Гурав.Чоно ба эрх чөлөө

Хятадад өрнөсөн соёлын хувьсгалын жилүүдэд хөдөө цөлөгдсөн сая сая сэхээтний нэг Зян Руны зохиолоор, франц найруулагч Жан Жак Анногийн бүтээсэн “Чонон сүлд” кино хүн төрөлхтний өнгөрсөндөө хоргодох сэтгэлгээний сэдэвтэй бүтээлүүдийн нэгэн сайхан жишээ болсныг бид харж байна.

Энэ кинонд бидний олон жил (роман нь орчуулагдснаас хойш) хардан ярьсан шиг монголчуудыг тэнэг мангараар нь дуудсан юм ч байхгүй. Бас дэлхийн хамгийн ухаалаг түмэн хэмээн дөвийлгэх ч гээгүй байх. Ер бусын сонин содон санаа, өгүүлэмж олж, сайхан уран бүтээл туурвих л гэсэн хэрэг. (Ер нь кино, утга зохиолыг ингэж ойлгодог болбол бидэнд л хэрэгтэй. Дэлхий даяараа урлагаас сэтгэлийн цэнгэл хүртэж байхад манайхан “биднийг ингээд хэлчих шиг боллоо”, “тэгж муулсан шиг байна” хэмээн шаналж байх нь сайн юм огт биш)

Зохиолын гол үйл явдал нь бэлтрэг тэжээснээс үүднэ. Тэжээгч нь Бээжингээс ирсэн оюутан залуу. Зэрлэг амьдрах тавилантай тэр амьтан хүний гарт орсноос зовлонгоо эдэлсэн нажидтай түүх эхэлнэ.Иргэншлийн хотхонд нүхэнд  хоригдсон бэлтрэг нь ижил сүргээ, өшөө хонзонд уриалан дуудах мэт.

Оюутан хархүү өөрөө бараг л махнаас гарч, хоолоо түүндээ илүүчлэнэ. Өөрөө бэлтрэгэндээ уруулна. Хамаг байдгаа зориулаад, зориулаад бэлтрэгийг эс жаргаана. Эрх чөлөөний философи. Манайхан шиг төрөөр бүхнийгээ хангуулаад жаргах сонирхолтой ард түмэнд анзаарууштай өгүүлэмж шүү.Ялангуяа, чоныг эрх чөлөөнд дуртай, зүрх зоригоороо, зоргоороо амьдралын бэлгэдэл болгодог нүүдэлчний хувьд.

Тэжээмэл бэлтрэг шиг гай зовлонгийн эх үүсвэр тал нутагт алга мэт. Айлын жаал хүү ч түүнд ноцуулна. Магадгүй хотонд орсон чоно ч түүний дуудлагаар ирсэн мэт.

Бээжингийн оюутан бадрангуй сэтгэлтэй хархүү бол соёл, иргэншлийн төлөөлөгч. Байгалийн хуулийг зөрчиж тэжээсэн бэлтрэг нь иргэншлийн жаргалд дасч өгөхгүй байгаа байгаль ертөнцийн тасархай. Оюутан ирсэн явдал, бэлтрэг тэжээсэн асуудал нь тал нутгийн тэртэй тэргүй бөхөж яваа нүүдэлчний“ байгаллиг ертөнц”-ийг хөмрөх сүүлчийн түлхэлтийг өгч байна.

Хүн-байгаль, иргэншил-нүүдэл хоёрын тэмцэлд хүн ялсаар л ирсэн юм. Бас ялах тоолондоо шаналсаар ч ирсэн. Сүүлчийн чоно үхлээ хүлээн зогсохыг харсан ангуучид сая сэхээ авна. Түүнийг амьд үлдээсэн ч яахав дээ гэсэн эргэлзээнд орно. Гэвч эцсэн чоно бахардан үхжээ. Тал нутгийн зэрлэг чоно үүгээр дуусав.

Хувь тавилангийн шоглоомоор, тал нутгийн дүрмийг сөргүүлэн байж гаршуулсан бэлтрэг нь монголчуудын тотем, онго шүтээн болсон болсон чонын цор ганц орлогч болон уул хангайдаа одлоо. Өчигдрийн гай зовлонгийн эх үүсвэр нь агшин зуур хувирч, өнөөгийн итгэл найдварын ганц сурвалж боллоо гэсэн үг үү? Урагшаа явж байгаа бүхний зөв гэсэн гүн ухаан уу? Бодитой бүхэн зүй зохистой, зүй зохистой бүхэн бодитой гэсэн философ уу?Хүн хүнийг өөр өөрийнхээрээ ойлгог л гэсэн хэрэг байх.

Дөрөв. Арай л “Энэрэнгүй” нүд


Жүжигчдийн тухай ярих юм алга. Монгол жүжигчин тоглосон нь монгол хүнд бахархал. Найруулагч Жан Анно сайн тоглох жүжигчин сонгож таараа, сайн ч тоглуулж таараа. Нарийн яривал энэ киноны гол дүр бол сургуультай чононууд. Хэн ч нэрийг нь тогтоож үлдээгүй байж болох амьтан сургагчдын алдрыг магтму!
Зөвхөн нүүдэлчин удамтай манай монголчууд л харж болох нэгэн “алдаа” байсныг манайхан ажсан болов уу? Тэр нь хүний гарт тэжээгдсэн, зэрлэг байдлынхаа хагасыг алдсан чононы нүд юм. Уулан дээрээс хот руу өнгийж байхдаа ч тэр, адууг ангаалан хөөж явахдаа ч тэр,  арай л “хүмүүнлэг”, цаанаа л “энэрэнгүй” харагдаад болохгүй байсан. Учир нь тэр хагас тэжээвэр, хагас зэрлэг болсон амьтан дэргэдээ “хүн” байгааг, бүр нарийн яривал монгол хүн байгааг мэдрээд, араатан шинжээ гээж, гөлөгнөөд байх шиг. Чоно гэдэг амьтан нүүдэлч монгол хүнээс айхаа байг гэхэд үргэлж зохих ёсоор хүндэтгэн үзсээр ирсэн юм. Тэр “хүндэтгэл”-ийг авч хаяахад хэцүү ч байсан биз ээ.

http://tsenddoo.niitlelch.mn/

No comments:

Post a Comment

Манжийн хаад

Хятадын түүхэнд тодорсон хамгийн аугаа гурван хааныг: Цинь Ши Хуанди, Хубилай, Канси гэх юм билээ. Цинь Ши Хуанди бол хүний түүхэнд мэдэ...