Thursday, March 5, 2015

Хятад, Сүрэн хоёр


УИХ-ын гишүүн асан, төмөр замын инженер О.Сүрэнтэй ярилцахыг хүслээ. Тэрбээр үүний өмнөхөн тоймч Г.Отгонбаяртай маш дэлгэрэнгүй яриа өрнүүлэн сэтгэлийн “бэтгэ”, бухимдлаа тайлан, өөрийнх нь хэлснээр “хамаа намаагүй” ярьчихсан юм. Гэтэл үүний дараа багагүй дарамт, сүрдүүлэгтэй учирсан аж. Р.Сүрэн зөвлөхийн ярьснаас “ноцтой” нь гэвэл “Одоо барих Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замыг Хятадын мөнгөөр, хятадуудаар бариулаад тэдэнд эзэмшүүлнэ. Тодорхой хугацааны дараа Монголын төрд буцааж авна гэж ярьж байгаа. Энэ бол маш муу хувилбар, хариуцлагагүй мэдэгдэл” гэчихсэн. Цааш хэрхэн тайлбарласныг Г.Отгонбаяр нийтлэлчийн блог руу орж уншина биз ээ. Үүнээс цааш О.Сүрэн “амаа хамхихад” хүрсэн. Тэр хүн надтай ярихдаа айдастай, дарамттай байгаа нь ч, энэ сэдвээс залхаж байгаа нь ч мэдэгдсэн. 

Тэрбээр “Төмөр замын суурь бүтцийг ч нэг хэсэгтээ хятадын талд орох гэж байгаа нь УБТЗ-ын хятад хувилбар руу орох гэж байгааг дурьдаад хилээ сэтэлсэн, хилийн ойролцоох стратегийн ордтойгоо шууд холбогдох төмөр замын суурь бүтцийг гадныханд эзэмшүүлэх нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй” гэдгийг зоригтой ярьсан. Дараа нь Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Х.Эрдэнэ “Хятадууд өндөр технологи, өндөр өртгөөр барина гэж байна. Тэдэнд ийм эрх өгчихвөл хятад технологи, техник үүнийг дагаад баахан хятад ажилчин орж ирнэ. Тэгээд дараа нь Тавантолгойн нүүрсийг зөөж дууссаны дараа төмөр замаа манайд өгнө гэвэл яах юм бэ” гэж дагаж зориглон “Үндэсний шуудан” сонинд ярьсан юм. 

О.Сүрэн гуайн тухайд нэгэн үе салбарын сайдуудаа шүүмжилж байсан ч төмөр замын царигийн асуудлыг ингэж эргэнэ гэж тухайн үед төсөөлөөгүй гэдгээ хэлсэн удаатай. Ер нь хятад ажилчид гэх сэдвээр Монголын төр Хятадын талтай нүүр тулах үед “Сүрэн” гэдэг эрхэм төрийн зөв бодлогын талд дуугарч байсныг давтамж, тохиолдол гэхэд дэндүү сонирхолтой

Одоогоос хагас зуун жилийн өмнө буюу 1963 оны намар тухайн үед Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Ч.Сүрэн гэдэг нэр хүндтэй сайхан эрхэм төрд алба хашиж байв. Тэр үед Монголд олон мянган хятад ажилчид барилгын ажил гүйцэтгэдэг, цалингаа голно, орос норм стандарт манайхад нийцэхгүй байна гэж хэл ам таталдаг байсан аж. Ямар сайндаа цалингаа голсон нэгэн хятадтай “наряд бичигч” монгол эр хэрэлдээд “Чиний цалинг бүрэн бодсон, илжиг минь” гээд хэлчихэж. Өнөөх нь дэвхцэн уурлаж “Чи намайг илжиг гэлээ. Манай Мао дарга бас илжиг үү” гэхэд монгол эр “Мао дарга жинхэнэ хятад хүн, Чан Кай Ши та хоёр л илжиг” гэхэд цалингаа дуугүй аваад гарсан гэдэг. Зөвхөн нэг жишээ дурьдахад иймэрхүү уур амьсгал дунд Ч.Сүрэн дарга хятад барилгачин ажилчдын гэрээ дууссан тул нутаг буцаах талаар Хятад-Монголын хэлэлцээ хийжээ. 


Ингээд Гадаад явдлын яаман дээр Монголын талаас Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны орлогч сайд Ч.Сүрэн, Хятадын талыг ахалж тус улсаас манай улсад суугаа Элчин сайдын зөвлөх Сэ Фү Шин нар хэлэлцээ хийж эхэлжээ.  Хятадын тал анхны өдрөөс эхлэн манай талд хатуу тулган шаардалт, өдөөн хатгалгаар угтаж “нутаг буцсан хятадуудыг эргэж ирэхэд нь виз олгосонгүй” хэмээн элдвээр доромжилж омогдоно. Манай тал “Гэрээний хугацаа дууссан тул тэд эргэж ирэх шаардлагагүй” хэмээн Сэ Фү Шиний хамаг доромжлол, гашуун үгийг сонсохдоо төр улсаа бодож сэтгэлийн хөдөлгөөнөө дарж соёлт орны дипломат зарчмаар асуудалд хандах гэж эгээ л Манлай вангийн дайтай тэвчээр гаргасныг нотлох амьд гэрчүүд эдүгээ цөөнгүй.  

Түүнчлэн Монголын тал хятад ажилчдын танхайрал хэрээс хэтэрч буй, наанадаж л халаалтын системийг задлахад тэр үед гүйлгээнд байсан таван мөнгийг радиаторуудад тавиад угсарчихсан байсан зэргийг баримттайгаар нотлон цөөн үг, байр суурьтай бодлогоороо хэлэлцээг давж гарсан байдаг

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан өгүүлэхэд Хятад, Зөвлөлтийн харилцаа Даманын арлын тулгаралтаас хойш эрс муудсан нь монголчуудтай харилцахад ч нөлөөлж  нарийндаа хятад ажилчдын нутаг буцах шалтгаан болжээ. Монголд ажиллаж байсан хятад барилгачид нь идэр насны цэргийн хүмүүс голдуу байсан гэдэг. Хуарагнаж байрладаг, нэгдсэн зохион байгуулалттайгаар хооллодог тэднийг “хятад барилгачин нэртэй 30 мянган цэрэг” гэлцдэг байж. Дарга нар нь хүртэл цэргийн хүмүүс байж, тиймээс 50 жилийн өмнө яаж гэмингээс салснаа бодохоос болгоомжилдог байсан гэж Ч.Сүрэн нарын хамтрагчид ярьж байжээ.

  Үнэн хэрэгтээ манай дарга нар жигтэйхэн лидер болохоор нь ч Ч.Сүрэнг хэлэлцээрт томилоогүй, төвөгтэй хэлэлцээ болно, мухардах, тулгамдах тохиолдолд эцсийн хариуцлагаас мултрах гэсэндээ томилсон нь тодорхой байж. Тийм ч учраас хэлэлцээ дууссанаас хойш хоёрхон сарын дараа буюу 1964 оны нэгдүгээр сард тодорхой шалтгаангүйгээр Ч.Сүрэнг Намын Төв Хорооны Улс төрийн товчооноос дуудаад орлогч сайдаас нь халж “салсан” байдаг юм. Арга ч үгүй дээ, байдаг л барилгын инженер, эдийн засагч айж байсан хятадуудаас нь салгаж өгөх нэр хүндтэй хэлэлцээрт гавьяа байгуулах нь түүнээс салах шалтгаан мөн биз. Учир нь улс төр л болсон хойно атаархал, байр суурь, нэр хүндээ булаалдах явдал аль ч үед байдаг хойно. Тэглээ гээд барилгынхандаа, салбартаа “Сүрэн дарга” хэвээрээ л үлдсэн болохоор харамсаад ч сүйд болсонгүй.

Бас нэгэн жижиг түүх, том гавьяаг сануулахад дээр дурьдсан Ч.Сүрэн гэдэг эрхэм зэргэлдээ байрны гурван настай хоёр жаал гадаа тоглож байгаад хайгуулынхны таглахаа мартсан цооногт унасан гэж сонсмогц огло харайж гарч баазаасаа эксковатор барьж очоод цооногийн дэргэд дөрвөн метр цооног ухаж шороонд дарагдан уйлж байсан хүүхдүүдийг аварсан гэдэг. Түүнд хэн нэгэнд үүрэг даалгавар өгөх сэтгэл, цаг хугацаа байгаагүй. Хүний амь аварсан энэ гавьяаг хэн жижиг гэх билээ. 

Гэтэл үүнээс 50 жилийн дараа дахиад л хятад ажилчид оруулах эсэх дээр Монголын төрийнхөн талцаж эхэлдэг байна шүү. Ёстой л “ямар хүний зараалаар хэн гэгч нь золиослогдож тэдэнтэй хэлэлцээ хийвэл мэнд үлдэхийг” таашгүй. Магадгүй тэр нь Мэндсайханы Энхсайхан ч юм билүү, бүү мэд.

Тавь, тавин жилийн давтамжтай Тангудын үр садгүйгээр ажиллаж амьдарч чадахгүй болох давчуухан тавилантай, жижигхэн Монголыг цөөн хэдхэн хүний ухаалаг зөв бодлого л аварч ирсэн юмсан. 

No comments:

Post a Comment

Манжийн хаад

Хятадын түүхэнд тодорсон хамгийн аугаа гурван хааныг: Цинь Ши Хуанди, Хубилай, Канси гэх юм билээ. Цинь Ши Хуанди бол хүний түүхэнд мэдэ...