Saturday, February 14, 2015

Дэлхийн томоохон голуудын нэг Амар буюу Хар мөрөн

Дэлхийн томоохон голуудын нэг Амар буюу Хар мөрөн (黑龙江)  Онон мөрнөөс эх авдаг
Хэнтийн нурууны араас эх аван урсан Онон мөрөн зүүн зүг олон жижиг голуудыг нийлүүлэн урссаар Ингэдэй мөрөнтэй нийлэн Шилка мөрөнд юүлдэг. Шилка мөрөн цааш урссаар Монголчуудын түүхэнд холбогдох Эргүнэ мөрөнтэй нийлж Амар мөрөнг үүсгэдэг байна.
Амар мөрөн буюу Хар мөрөн нь Орос-Хятадын хил бөгөөд олон ч хот тосгодыг усаараа тэтгэн тэжээдэг юм. Амар мөрөн Номхон далайд цутгана. Амар мөрөн гэдэг нь Оросуудын өгсөн нэр бол Монголчууд Хар мөрөн, Хятадууд Хэйлунгзян буюу黑龙江“Хар луу гол” гэж нэрлэдэг ажээ.
Амар мөрөн нь дэлхийн хамгий том 10 мөрний нэг бөгөөд 4444 км урсдаг. Харин аугаа их Хар мөрөн буюу Амар мөрний гол цутгал, усны тэжээл нь манай Онон мөрөн юм. Нутгийн ард иргэд Ононг хэзээ ч гол гэж нэрлэдэггүй, харин мөрөн гэж хүндэтгэн дуудна.
Амар мөрний сав газар сибирийн бар, ирвэс, 5 м урт калуга загас, тул загас амьдардаг. Байгалийн асар их баялагтай нутаг. Тиймээс Амар мөрнийг хамгаалах ажил Онон мөрнийг хамгаалах ажлаас эхлэх ёстой. Дэлхийн байгаль хамгаалах сангаас зайлшгүй хамгаалах ёстой 20 том ай савыг зарласан.
Сибирийн бар
Сибирийн ирвэс
Үүнд: Амар мөрний сав, Конго мөрний сав, Хөх мөрөн, Меконгийн ай сав орж байгаа юм. АНУ, Хятад, Орос, Герман, Монгол улсууд нэгдэн Амар мөрний ай савыг хамгаалах талаар хамтран ажиллах гэж байна. Энэхүү хөтөлбөр, төслүүд нь үндсэндээ Монгол, Орос, Хятадын нутагт хэрэгжнэ. Монгол орны хувьд Онон-Балжийн байгалийн цогцолборт газар, Монгол дагуурыг хамгаалалтанд авснаар хамгаалах ажил эхэлсэн.
Сибирийн калуга загас
Сибирийн тул  загас
Монгол орны хувьд Амар мөрний ай савд хамаарах голууд нь Онон, Улз, Хэрлэн, Халх гол зэрэг Номхон далайн ай савын томоохон голууд орно. Эдгээр голуудын нийт урт 2000 орчим км. Онон голын нийт ай савын талбай нь 96000км2 ажээ. Монгол орны нутгаар 298 км урсах Онон голын сав газрын 30,3% нь Монгол оршино. Онон голын ус зөөлөн чанартай, эрдэсжилт багатай, бохирдолгүй, маш зөөлөн чанартай. Энэ голын усны жилийн дундаж урсац Биндэр сумын орчимд 52,6 м3/с, Дадал орчимд 59м3/с, Битэв тосгоны орчим 102м3/с болдог нь урсацын алдагдалгүй гэж тооцогддог ажээ.
Онон-Балжийн сав газар Чингис хааны түүхтэй салшгүй холбоотой. Их Монгол улс байгуулагдсан түүхэн нутаг юм. Онон гол Бурхан халдун уулнаас эх авч ой хөвч бүхий намгархаг нутгаар урсаад Монголын нутгаас гарч Оросын нутаг хүрнэ. Онон голын эхэнд буюу Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт дтдээш 1450м өндөрт Ононгийн халуун рашаан байдаг. Энэ рашаан гидрокарбонат, натрийн найрлагатай, 80 градус хүртэл халдаг, олон төрлийн өвчнийг анагаахад тустай. Мөн Ононгийн сав нутгаар Тарсын рашан, Цагаанчулуутын, Гурваннуурын, Хажуу булгийн зэрэг эмчилгээний олон рашаан бий.
Ононгийн халуун рашаан
Ононгийн ай сав нутгаар Монгол орны ойн, хээрийн, ойт хээрийн амьтад элбэг тархсан байдаг. Мөн олон зүйл загастай. Тул, Амарын цурхай, зэвэг, булуу цагаан гээд бий. Онон голд цэнгэг усны хясааны 2 зүйл байдаг.
http://fun.everyday.mn/

No comments:

Post a Comment