Monday, February 16, 2015

Ялтын бага хурал: Монголын тусгаар тогтнол ба Сталин багшийн гавьяа

Энэ өдрүүдэд 70 жилийнх нь ойг тэмдэглэн өнгөрүүлж буй Холбоотон гүрнүүдийн Ялтын (Крымын) бага хурлын (1945.02.04-11) талаар монголчуудын дунд гэгээтэй талаасаа тун  эерэг санал сэтгэгдэл үлдсэн байдаг билээ. Ялтын (Крымын) бага хурлаар л Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан ба бага хурал дээр их багш Сталин АНУ, Британийг шахаагүй бол тусгаар тогтнож чадахгүй өнгөрөх байлаа гэх үзэл бодол нэн түгээмэл. Хэн хэнийг, бас юуг нь зөвшөөрсөн тухайд хэрэв онолын маргаан дэгдээсэнсэн бол өнөөг хүртэл нэгдсэн дүгнэлтэд хүрэхгүй байсан байх биз ээ. 


Үйл явдлын товч

Эхлээд Ялтад яг ямар үйл явдал болсныг түүхээс эргэж сонирхъё. Гитлерийн эсрэг эвслийн орнуудын лидерүүдийн хоёр дахь уулзалт тэр өдрүүдэд Ялта дахь Ливадын цагаан ордонд явагдаж, II дайны дараахи дэг журмыг хэлэлцжээ. Цөмийн эрин эхлэхээс өмнөхөн Гитлерийн эсрэг эвслийн их гурвал сүүлчийн удаа уулзсан нь энэ байв. Мэдээж дайны дараахи Европ (Польш, Герман, Балкан, Европыг чөлөөлөх, дайны хохирлын төлбөр), мөн шинэ НҮБ, түүний Аюулгүйн Зөвлөл ба вето тавих эрх зэрэг нь хэлэлцэх хэргийн голд байсан, харин манай тив, бүс нутагтай холбогдох хэсгийн тухайд тусдаа баримт бичигт тусгагджээ. Зүүн ба Зүүн өмнөд Азид Япон эзэгнэж байсан ч “Алс Дорнодын хувь заяа” гэдэг утгаар СССР-ийн Алс Дорнодоор баримжаалж шинээр геополитикийн орон зай томъёолж гаргаж ирсэн хэмээн үзэхээр юм. 

“Алс Дорнодын хувь заяа” гэдэг ухагдахуунд хамгийн эхэнд Монголын хувь заяа яригдаж байсан ба тэр үеийн БНМАУ-ыг “Гадаад Монгол” хэмээн геополитикийн нэрээр нь томъёолж Дундад Иргэн Улсаас (тэр үеийн Хятад) де-юре (де-факто бол бүр 1911 оноос яригдана) тусгаарлах асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн билээ. Тэр тэмдэглэлт өдөр бол  1945.02.11, И.Сталин, Ф.Рузвельт, Уинстон С.Чөрчилль нарын гарын үсгээ зурсан хэлэлцээр. Хэлэлцээрийн гурван заалт товч тодорхой, утга төгөлдөр, оновчтой. Түүнд ингэж өгүүлжээ.  

Германыг буулган авч, Европт дайныг дуусгаад 2-3 сарын дараа Зөвлөлт Холбоот Улс нь дараахи нөхцөлтэйгээр Японы эсрэн дайнд Холбоотнуудын талд орж байлдана.


  1. Гадаад Монголын (БНМАУ) status quo-г хадгална;
  2. 1904 онд Япон Орост зэрлэгээр халдахад зөрчигдсөн Оросын эрхийг сэргээнэ; тухайлбал а)  Сахалин арлын өмнөд хэсэг, түүний эргэн тойрны бүх арлыг Зөвлөлт Холбоот Улсад буцааж олгоно; b) Зөвлөлт Холбоот Улсын эрх ашгийг давуу харгалзан худалдааны  Дайрен боомтыг интернационалчилна. СССР-ийн тэнгисийн цэргийн бааз болгон Порт-Артурын арендыг сэргээнэ; c)  Дайрен боомт руу гарах боломж олгох үүднээс Дорнод Хятадын төмөр зам, Өмнөд Манжуурын төмөр замыг хамтран ашиглана. Эхний үед Зөвлөлт-Хятадын хамтарсан нийгэмлэг байгуулах замаар ашиглах ба Зөвлөлт Холбоот Улсын эрх ашгийг давуу харгалзан үзнэ. Гэхдээ Хятад нь Манжуурт бүрэн эрхээ хадгалах болно;
  3. Курилын арлуудыг Зөвлөлт Холбоот Улсад шилжүүлнэ.

Гадаад Монгол ба нэр дурдсан боомт, төмөр замуудын тухай хэлэлцээрийг генералиссимус Чан Кайшигаар зөвшөөрүүлэх шаардлагатай. Маршал И.В.Сталины зөвлөснөөр Ерөнхийлөгч (Ф.Рузвельт) тэгж зөвшөөрүүлэх арга хэмжээг авна. Зөвлөлт Холбоот Улсын дээрхи санаархлуудыг Японыг ялсны дараа үг дуугүй хангах болно гэдгийг Гурван Их Гүрний Засгийн газрын тэргүүнүүд зөвшөөрлөө. Хятадыг японы дарлалаас чөлөөлөхөд зэвсэгт хүчнээрээ тусламж үзүүлэхийн тулд  СССР ба Хятадын хооронд Найрамдал, холбооны тухай гэрээ Хятадын Үндэсний Засгийн газартай байгуулахад бэлэн байгаагаа Зөвлөлт Холбоот Улс өөрийн зүгээс илэрхийлж байна гэжээ.

Яахлаараа Сталин биш, Ф.Рузвельт?

Яахлаараа Сталин биш, хаа хамаагүй холын АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт тэр үеийн Монголыг Чан Кайшигаар хүлээн зөвшөөрүүлэх үүрэг хүлээдэг билээ? Яагаад Сталин энэ үүргээс булзав? Энэ асуудал өнөөдрийг хүртэл мэтгэлцээний нэг сэдэв болж ирсэн. Тэр үед СССР ба ДИУ (Дундад Иргэн Улс) нь дипломат харилцаатай төдийгүй, цэрэг-улс төрийн үлэмж ойр түнш болж Японыг хамтран сөрөн зогсож байсныг бид мэднэ. 1944 онд Чан Кайшигаас И.В.Сталинд тавьсан санал байна. Яаралтай уулзаж, хоёр талын ирээдүйн харилцаагаа ярья гэжээ. Гэвч тийм уулзалт болоогүй, Сталин булзсан.

Гадаад Монгол дээр Москвагийн ацалсан байр суурь Хятадыг хөдөлгөхгүй байсан нь мэдээж ба хэрэв тэр хоёр уулзсан бол Гадаад Монгол яалт ч үгүй хэлэлцээний халуухан сэдэв болоод ороод ирэх байсан байх. Гэхдээ хоёр талын хоёр чухал баримт бичгээрээ Гадаад Монголыг ДИУ-ын салшгүй нэг хэсэг гээд СССР хүлээн зөвшөөрчихсөн байснаас Сталин тэгж булзсан хэрэг юм. Бас  Рузвельтээр гул барьж хятадын удирдагчтай нүүр тулуулах гэсэн байх. Энд ямар баримт бичгийн тухай яриа вэ? 1924 онд Бээжинд байгуулсан СССР ба ДИУ-ын хоорондын асуудлуудыг зохицуулах ерөнхий зарчмуудын тухай Хэлэлцээр; 1937 онд Нанжинд байгуулсан Үл довтлох тухай Гэрээ.  

Тэгвэл АНУ-ын хувьд Монголын асуудлыг хөндсөн ямар нэгэн эрх зүйн баримт бичиг Хятадтай байгуулаагүй, тэр утгаар Чан Кайшиг ятгаж зөвшөөрүүлэхэд саад байхгүй хэмээн үзсэн болов уу. 

Ер нь Ялтын бага хурлаас жил хагасын өмнө, Гурван гүрний удирдагчдын Тегераны бага хурлын өмнөхөн Гадаад Монгол дайны дараа хаана үлдэх вэ гэдэг асуудал яригдсан байдаг юм. 1943.11.22-26-нд Каирт Ф.Рузвельт, У.Чөрчилль, Чан Кайши нар цуглаж уулзсан ба уг бага хурлаас гаргасан Тунхаглалыг Ф.Рузвельт, У.Чөрчилль нар Тегеранд авч очин Сталинд үзүүлж зөвшөөрүүлчихээд эргэж очоод 12 дугаар сарын 1-нд хэвлэлд гаргажээ. Тэр Тунхаглалд нутаг дэвсгэрийн эзлэн түрэмгийлэл үйлдэхийг хүсэхгүй гэдгээ АНУ, Их Британи, Хятадын Засгийн газрын тэргүүн нар ёслол төгөлдөр мэдэгдэж байна гэх үгс бий. Японы эзлэн авсан бүх нутаг дэвсгэрийг Японоос хурааж авна, үүнд дэлхийн нэгдүгээр дайнаас хойш эзлэн авсан Номхон далай дахь арлууд, мөн хятадуудаас булаан авсан бүх нутаг дэвсгэр, тухайлбал Манжуур, Формоз, Пескадорын арлуудыг ДИУ-д эргүүлж олгоно гэж зааж өгчээ. Энд Гадаад Монгол гэсэн үгс алга, Хятадад Зүүн хойд Хятад,  Тайвань, Пэнхуледао арлыг л буцаан өгнө гэсэн байна. Мөн Солонгост эрх чөлөө, тусгаар тогтнолыг нь олгоно гэсэн үгс буй. Зарим эх сурвалжийн мэдээгээр, “Гадаад Монголыг яах вэ, энэ чинь Хятадын бүрэлдэхүүнд байх ёстой бус уу?” хэмээн Чан Кайши  асуумагц Ф.Рузвельт – Наад асуудлыг чинь СССР-тай ярьж шийдэх ёстой хэмээн эрс няцааж хэлэлцэхгүй өнгөрсөн аж.    

Дөрөв дэх гүрний цөхрөл

Түүхэн зарим эх сурвалжаас үзэхэд Чан Кайши нь Тегеран, Ялтын бага хуралд 4 дэх гүрний лидерийн хувьд очих хүслээ ил далд илэрхийлсэн, лоббидсон тал харагддаг. Хэрэв тэрээр оролцсон л бол Гадаад Монголын тэр статус-кво гэдэг нь ямар байдлаар яригдах байсныг төсөөлөшгүй. “Хятадын асуудал” сөхөгдөх тоолонд Чан Кайши өөрийнх нь оролцоогүй ярилцахгүй, шийдвэр гаргахгүй байхыг Чөрчилль, Рузвельт, Сталин нараас хүсэх боловч цаадуул нь үл хэрэгсэж байв. Хятадын эрх ашиг ихээхэн том бодлогын золиос болчихсноос тэр байв. Дэлхийн их гүрнүүдийн эгнээнд Хятадыг оруулах гэсэн яриа хөөрөөг  Чөрчилль  “шал дэмий зохиомол яриа” гээд няцааж байсан баримт байна. Ялтын бага хурал дээр тэрээр бүр ч итгэл үнэмшилтэйгээр Хятадыг нулимсан байх аж. Хятадын талтай хэлэлцээ хийхэд хүндрэл учирна гэдгийг Рузвельт Ста­линд хэлж байсан ба Сталины хувьд Хятадтай ерөөсөө яриа хэлэлцээ хийгээд яах юм гэсэн байр суурьтай байжээ. 

Крымын бага хурлаар Сталин, Рузвельт, Чөрчилль нар Хятадын асуудлыг хөндөхдөө, гоминданы хятадыг Зүүн хойд Ази, Номхон далайн сав газрын хооронд Зөвлөлт, Америкийн буфер байлгахаар тохиролцсон ба чингэхдээ хятадын коммунистуудад тусламж үзүүлэхгүй гэх амлалт Сталинаас америкийн талд өгч байсан байх юм.

Харин Чан Кайши СССР, Британи хоёрыг зэрэг хардсан тал байдаг. Орос, Британи хоёр Хятадын асуудлаар нэгдсэн байр суурьтай болчих вий гэсэн айдас нь тэр байв. Хятадын эрх ашгийг зольчихож магадгүй хэмээн тэрээр өдрийн тэмдэглэлдээ бичсэн ба Рузвельтыг хоёр нүүр гаргахгүй хэмээн итгэж байгаагаа ч тэмдэглэж байжээ.

Ялтын бага хурал хуралдсаны дараа Чан Кайшид ямар ч мэдээлэл очоогүй, наад гурав нь ч хэлэхгүй таг чиг болж Хятадын удирдагчдыг бараг хоёр сар балмагдуулсан баримт байна. Рузвельтээс үг сонсох гээд хятадууд аргаа барж, 1945 оны 3 дугаар сарын дунд үед  Вашингтон дахь Элчин сайд нь Ялтын бага хурлын зарим заалтуудыг олж мэджээ. “Холбоотнууд маань Хятадыг худалдчих гэж үү”, “хэрэв үнэхээр тэгсэн бол бидний удтал хийж ирсэн тэмцлийн үзэл санаа хөөс болж хувирлаа даа” хэмээн хятадын генералиссимус бичиж байсан аж. Ялта гэдэг нь ийнхүү урвалт гэдэгтэй адил утгаар хятадуудад буужээ.

Цөхрөлийг гэтэлгэх Тэргүүн хатагтай 

Хятадын генералиссимусын гэргий Сун Мэйлин АНУ-тай харилцах, лоббидох ажлыг эр нөхрөөсөө илүү, бүр гаргууд хийж байсныг түүх өгүүлдэг. Тэрээр 1943 оны хавар, зун АНУ, Канадаар аялаж урт зам туулахдаа Японы эсрэг дайнд цэргийн тусламж авах, бас бус асуудал хэлэлцэж явжээ. “Бас бус” гэдэгт Хятадын эзлэгдсэн нутаг, магадгүй алдагдаад байсан Гадаад Монгол орж байсныг үгүйсгэмгүй. Тэргүүн хатагтайг АНУ-д төрийн дээд зочны хэмжээнд хүлээн авч, 1943.02.18-нд Конгресст үг хэлүүлсэн ба өмнө нь гадаадын хатагтай нараас ганц  Нидерландын Хатан хаан Вильгельмина үг хэлж байснаас өөр хэнд ч тийм боломж, аз тохиогоогүй аж. Мэйлин хатагтайн хэлсэн үгэнд АНУ-ын улс төрийн чиг шугамыг ширүүн шүүмжилсэн мөрүүд байсан нь өмнөх уулзалт хэлэлцээнд тэрээр хүссэн зүйлээ олж аваагүйтэй нь холбоотой. Эхлээд милитарист Японоо бутцохичихоод дараа нь Гит­лерийг цохьё гэсэн түүний үгсийг сенатчид алга нижигнүүлэн хүлээн авчээ. Маргааш нь 19-нд Цагаан ордны зууван танхимд Мэйлин, Рузвельт, түүний гэргий Элеонора Рузвельт гурав хэвлэлийн бага хурал хийлгэж, тэр үеэр Хятадын Тэргүүн хатагтай Чөрчиллийг ширүүн шүүмжилжээ. Вашингтон, Нью-Йоркт энэ хатагтайг зочлоход 9 муж улсын губерна­тор, нийгэм-соёл, бизнесийн дээд элитүүд уулзан, хүлээн авалт нь хэдэн мянган хүнээр бялхаж, ДИУ-ын төрийн дууллыг байнга эгшиглүүлж, хэдэн зуун сэтгүүлч, гэрэл зурагчин, зураглаач шавуулж, түүхэндээ анхны ба эцсийн удаа Америкт хятад зочныг хамгийн хүндтэй хүлээн авсан тохиолдол тэр байжээ.  

Харин Британид генералиссиму­сын гэргийг хүлээн авбал АНУ-д үзүүлсэн шиг хүндлэлийг Букингемийн ордон, Виндзор үзүүлэхгүй, гэхдээ айлчлуулна, Оксфордын их сургууль Мэйлинд хүндэт доктор цол, Эзэн хааны мэс заслын коллеж эрдмийн зөвлөлийн гишүүн болгоно, түүнээс цааш арга хэмжээ зохиохгүй гэж Лондонгоос мэдэгдсэнээс үүдэн Хятадын тэргүүн хатагтай тийшээ зориогүй юм. 1943 оны 3 дугаар сард Вашингтонд очсон Чөр­чилль Хятадын тэргүүн хатагтайтай уулзахыг хүссэн ч цаадхи нь Нью-Йорк хүрээд ир гэсэн, хариуд нь Чөр­чилль “Хятадын хувь заяаг шийдэх яриа өрнөх гэж байна” гэж учирлатал хатагтай эрс татгалзсанаас үүдэн Хятад-Британийн хооронд үл ойлголцол үүсээд авчээ. Чухам энэ үед Хятад-Британийн зөрчилд гарц хайх боломжийг Рузвельт өөртөө гарган авч хөзрийн тамгыг атгажээ. Хатагтай Сун Мэйлин Нью-Йоркт хэт тансаглаж, баярхаж, өөрийг нь үл ойшоож байгаад бухимдсанаа Чөр­чилль өдрийн тэмдэглэлдээ бичиж байжээ. 

1943 оны 5 дугаар сард Чөрчилль дахин АНУ-д зочлоход яриа хэлэлцээ, бусад арга хэмжээнд Дэд ерөнхийлөгч Хенри Уоллес идэвхтэй оролцжээ. Энэ үед  хятадын тэргүүн хатагтай Нью-Йоркт л тансаглан, сэтгүүлчдийг шавуулсаар байж. Зургадугаар сард Канадын нийслэлд зочилж, канадын парламентын гишүүдийг гайхшруулан анхаарлыг нь татаад авчээ.

Рерих, Уоллес, Латтимор

Дээр нуршуу түүх дэлгэж байгаа мэт боловч яриа хэлэлцээнд Дэд ерөнхийлөгч Хенри Уоллес оролцлоо гэдгээс эхлэн Монголтой холбоотой асуудал ил далд, алдаг оног жил шахам яригдаж эхэлсэн байна. 1941 онд Рузвельтээс Чан Кайши руу зөвлөхөөр илгээсэн О.Латтимор Хятад ба Гадаад Монголын асуудлаар голлон ажиллаж байв. Тэрээр 1942-1944 онд Дайны мэдээллийн албаны Номхон далайн хэлтсийн даргаар ажиллаж, тэр тушаалтайгаа Дэд ерөнхийлөгчөө дагалдан Хятад, Монгол, Зөвлөлтийн Алс Дорнод, Сибирь, Дундад Азиар 1944 онд айлчилжээ.

Хенри Уоллесын оюун санааны удирдагч нь оросын нэрт сэтгэгч зураач Николой Рерих байсан тухай баримт энэ түүхэнд яалт ч үгүй хамаатай. СССР-тай залгаа хилийн дагуу, мөн Гадаад Монголын хил дотор мянга гаран км үргэлжлэх манай өмнийн говьд экспедиц илгээх тухай 1930-аад оны эхэн үеийн Рерихийн санал Вашингтонд таашаагдаж, АНУ-аас дэмжлэг хүлээж, түүнийг нь хамгийн идэвхтэй лоббидсон нь АНУ-ын Хөдөө аж ахуйн сайд Х.Уоллес байжээ. 1933 оны 7 дугаар сард Н.К.Рерихийн тухай анхны яриа Цагаан ордонд өрнөжээ. 1935 оны зун Өвөр Монголд саатаж судалгаа шинжилгээ хийсэн Рерихийн тэр экспедицийн тухай Цагаан ордонд Уоллес байнга мэдээлж, Азийн цээжин дээр Америкт боломж гарч ирлээ гэх ятгалгыг Ерөнхийлөгч Рузвельтэд хүргэж байв. “Рерихийн Пакт” гэх баримт бичгийг (соёлын үнэт зүйлийг хамгаалах тухай олон улсын гэрээ) тэр оны намар нь Ерөнхийлөгчид танилцуулж, энх тайван, хөгжил цэцэглэл, соёлын өвийн тухай Рерихийн санаачилсан даян дэлхийн хөдөлгөөнийг дэмжүүлэхэд хожмын Дэд ерөнхийлөгч Х.Уоллес гол үүрэг гүйцэтгэсэн байх аж. Рерихийн судалгаа бүтээлээс гадна америкчуудыг Монгол руу хандуулсан нэг чухал үйл явдал бол манай анхны уран сайхны кино болох “Монгол хүү” киног 1936 оны сүүлчээр Нью-Йоркийн кино театрын дэлгэцнээ тавьсан явдал хэмээн үзэх үндэстэй. 

Гадаад Монголыг сонирхох, тийшээ зочлон очих хүсэл тэмүүллийг бадраахад нь Николай Рерихээс АНУ-ын Дэд ерөнхийлөгчид үзүүлсэн нөлөө ийнхүү 1930-аад онд төлөвшөөд хожим 1944 оны Монголд хийх айлчлалыг нь нөхцөлдүүлсэн гэх таамаг, дүгнэлтийг Рерих судлаачид хийсэн байдаг. Монгол, Төв Азийн улс түмнийг соёл-угсаатны зүй талаас нь судлан мэдэх танихыг урьтал болгон Х.Уоллес Монголд ирэхдээ Хятад, Монгол, Сибирь, Төв Азиар нийт 43 мянган км аялаж, аяллын явцад оросын их сэтгэгч Николай Рерих дагалдан явав гэсэн мөрүүд зарим эх сурвалжид байна. 

АНУ-ын Дэд ерөнхийлөгчийн айлчлалын тухай манай ахмад дипломатчдын дуртатгал ном, тэмдэглэлд Николай Рерих Монголд иржээ гэх нэг ч үг өгүүлбэр байхгүй. Тэрээр ирээгүй ч байж болно. Нэрт дипломатч Б.Жаргалсайхан, П.Шагдарсүрэн, дипломатч асан П.Дармаа нарын дурсамжид О.Латтимор ирсэн, Дэд ерөнхийлөгчдөө Б.Ринчений хамт хэлмэрчилсэн гэх мэдээлэл бий. Америкийн тэр эрхэм зочин бол 1911 онд тусгаар тогтнолоо эргүүлж олж авсан, 1921 онд Ардын хувьсгал ялснаас хойш Монголд гадаадын дээд өндөр хэмжээний анхны зочин болсон ба Улаанбаатарт түр саатахдаа “энэ Монголд чинь монголчууд нь төр барьдаг юм байна”, “өөрийн баялаг түүхтэй”, “хятадтай хамаатай зүйл ерөөсөө олж харсангүй”, “хөгжил дэвшлийн ирээдүй байна” гэх сэтгэгдэлтэй буцсан, тэр тухайгаа ч хожим дурсамждаа бичсэн нь бий. Монгол нь Хятадын бүрэлдэхүүнд байх ямар ч үндэслэл алга, монголчууд ч огтоос хүсэхгүй хэмээн АНУ-ын Дэд ерөнхийлөгч хатуу итгэж үнэмшээд буцсанд айлчлалын гол ач холбогдол оршино.

Тэрээр урт аяллынхаа дараа Вашингтондоо очоод Ерөнхийлөгчдөө айлчлалынхаа тухай илтгэжээ. 1944 намраас Японы эсрэг дайны тухай халуухан яриа Москва, Вашингтонд ширүүхэн өрнөж эхлэв. 1944.10.15-нд Москвад Сталин АНУ-ын Элчин сайд Аверелл  Харриман нар уулзахдаа Монголын статус-квог хүлээн зөвшөөрөх асуудлыг анхлан хөндсөн хэмээн манай нэг эрдэмтэн бичсэн нь бий. Сталин АНУ-ын Элчин сайдтай хэд хэдэн удаа уулзаж, Алс Дорнод дахь Зөвлөлтийн хүсэл шаардлагыг (зарим эх сурвалжид өнгөлзлөг гэж нэрлэжээ) тавьж, цаадхи нь ч сонсож төвдөө уламжилж байв. Хэрэв Алс Дорнодод СССР нь төвийг сахисаар байх ахул Манжуур дахь японы цэргийн хүчийг Япон руугаа хаях болно, тэгвэл дайн мөддөө дуусахгүй гэдгийг америкийн тал гүнээ ойлгож авчээ. Яриа хэлэлцээний явцад “Ази дахь СССР-ийн нутаг дэвсгэрийн шаардлага” гэгч тодорхой болж иржээ. Тэр шаардлагыг нь Японыг бутцохисны дараа хангаж өгнө гэдэг дээрээ Крымын бага хурлын өмнө яг тохиролцож чаджээ.

Монголын горьдлого

1944 оны зун АНУ-ын Дэд ерөнхийлөгч Монголд айлчилсны дараа Улаанбаатарт хөл хөдөлгөөн эрс идэвхжив. Дэлхийн томхон гүрэн, II дайны холбоотон гүрэн– АНУ-ын төрийн том зочныг амжилттай хүлээн авсан Монголын удирдагчдад эрх чөлөөний амт илэрхий мэдрэгджээ. 1944 оны сүүлчээр БНМАУ-ын Ерөнхий сайд маршал Х.Чойбалсан ЗСБНСУ-д ажлын айлчлал хийв. Үүнээс өмнөх айлчлалууд нь албан ёсны гэж тооцогддоггүй байлаа. Нэрт дипломатч Б.Жаргалсайхан гуайн дурссанаар, айлчлалын явцад маршал Москва дахь Элчин яамандаа зочилж, Элчин Ж.Самбуутай удтал хөөрөлдөх зуураа “Монгол улс маань арван хэдэн сая хүнтэй болно гэсэн үг шүү дээ” хэмээн ярьж байжээ. Алс Дорнодын дайндаа Монголыг татан оруулахын тулд Сталин Чойбалсанд нийт монгол угсаатны удирдагч болгоно хэмээн тал засан баярлуулж хөөргөсөн хэмээн Б.Жаргалсайхан гуай бичсэн байх аж.

Тусгаар тогтнолоо олон улсын хэмжээнд баталгаажуулаад зогсохгүй хил залгаа Өвөр Монголыг чөлөөлөн авах тухай үндэсний хийрхэл ийнхүү Монголд дэвэрчээ. Харамсалтай нь Ялтад гурван гүрэн Монголын талаар ямар тохиролцоонд хүрсэн, ер нь Ялтад юу болж өнгөрсөн талаар Зөвлөлтийн талаас Москвад суугаа манай Элчин яам, Элчинд, эсвэл Улаанбаатар дахь Элчин яам нь ямар нэгэн мэдээлэл манай талд өгөөгүй юмсанж. Статус-кво гэдгээ ч тэр үед төсөөлж, томъёолж судлаж байсан нь үгүй болов уу.

“Гэтэл аль Хаант засгийн үеэс уламжилж ирсэн Орос гүрний бодлого нь Халх Монголыг бусад монгол угсаатнаас нь тусгаарлах бодлого баримталж ирсэн тул Сталин хэдийгээр бага ястан боловч бас л тийм бодолтой, энэ бол их дээр үеэс улбаатай асуудал. ХХ зууны эхэн үеэс л Орос нь Монголын асуудлыг зөвхөн Гадаад буюу Халх Монголын хэмжээнд л авч үзэхийг хичээж ирсэн нь гагцхүү Хятадын шахалтаас ч болоогүй, бас Буриад, Ойрд гээд бусад хязгаар нутгийнхаа үндэстэн ястны асуудалтай холбон үзэж байснаас болсон хэрэг” гэсэн мөрүүд Б.Жаргалсайхан гуайн номд байна. 

Статус-кво гэдэг нь ердөө энэ л дээ. 1945 оны байдлаар тэр үеийн Гадаад Монгол (БНМАУ) өөрийн хил хязгаарын хүрээн дотор оршиж байсан нь үнэн, Хятад мэдэлдээ авч чадаагүй байсан нь үнэн, иймд Гадаад Монголын оршин буй бодит үнэнийг л зөвшөөрүүлье. Энэ утгаар Ялтын хэлэлцээрт тусгагдсан статус-кво нь Монголын нутаг дэвсгэрт илүү хамаарах болохоос монгол туургатан, монголын хүн амд нь хамаарах учиргүй хэмээн их гүрнүүд үзжээ. “Статус-кво гэдэг нь тус улсын хувьд газар нутаг, хил хязгаарт өөрчлөлт оруулахгүй гэсэн утга бөгөөд монголчуудын хуваагдмал байдлаасаа ангижирч, нэгэн дээвэр дор улс гэрээ сэргээн засах гэсэн олон жилийн хүсэл мөрөөдөлд нь хязгаар тавьсан хэрэг” хэмээн Б.Жаргалсайхан гуай дүгнэж байна.  

Статус-кво нь тусгаар тогтнол болж шат ахив

Европт дайн дууслаа. Харин Алс Дорнодод дэлхийн II дайн үргэлжилсээр. Япон Квантуны армидаа гол найдлага тавьж байв. Манжуур дахь цэрэг-аж үйлдвэрийн хүчирхэг бааздаа түшиглээд, гол нь тийшээ америкийн нисэх хүчин хүрч амжаагүй тул дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ хэмээн японы цэргийн командлал үзэж байлаа. 

Хятад ч ацан шалаанд оржээ. Японыг дийлэхгүй, гэтэл Европт Холбоотон гүрнүүд дайсангүй болчихсон байдаг, авралын гараа Хятад руу сунгахгүй юм байх даа? 1945 оны 6 дугаар сар хүрч байж АНУ-аас ДИУ-д суугаа Элчин сайд П.Херли Чан Кайшид Крымын бага хурал дээр байгуулсан нууц хэлэлцээрийн тухай мэдээллийг албан ёсоор өглөө. Хятадын эрх ашгийг баахан хөндөөд тавьчихсан албан ёсны тохиролцоо лав гурван сар таг дараастай байсныг Хятадын лидер олж мэдээд ухаан алдах дөхөв. Шууд Москватай харилц, бараг хөлд нь сөгдөж хэлэлцээ хий хэмээн америкийн Элчин сайд Гоминданы даргыг ятгав. Гадаад Монголыг горьдолтгүй боллоо, Зүүн хойд Хятадын гурван муж нь коммунистуудын хяналтад орчихно, эс тэгвээс Япон Хятадаас огт гарахгүй, дайн үргэлжилнэ, Хятад улам сульдана. Гээд уйлан дуулан байж зөвшөөрөхөөс өөр яах вэ? 

Харин Ялтад томъёолсон “Гадаад Монголын статус-кво” гэдгээ Сталин “БНМАУ-ын тусгаар тогтнол” гэж томъёолон 1945 оны зун Гоминданы Хятадад тулгаж зөвшөөрүүлэв. ДИУ-д суугаа америкийн Элчин сайд П.Херлийн Чан Кайшид ятгаж тулгасны дагуу Хятадын удирдагч Гадаад хэргийн сайдаа, орос эхнэртэй, Зөвлөлтийн хүргэн хүүгээ, шинэ Гадаад хэргийн сайдаа Москва руу хэлэлцээ хийлгэхээр илгээлээ. Хэлэлцээний гол сэдэв нь Гадаад Монгол. Гадаад Монголыг л тусгаар тогтнуулахгүй байвал өөр ямар ч асуудлаар буулт хийхэд бэлэн гэж очив. Сталины гаргаж ирсэн тайлбарууд нэн ноцтой. Хэрэв Гадаад Монголыг одоо л суллаж тавихгүй бол цаадуул чинь Танай мэдлийн Өвөр Монголыг босгож аваад сүүлдээ дийлдэхээ болино, Гадаад Монголд бид стратегийн ашиг сонирхолтой ба ирээдүйд Япон хүчирхэгжээд эргээд довтолбол Гадаад Монголоор Сибирийг халхлах буфер бүс болгоно гэхчлэн. Тэгж тэгж нэг сайд нь зөвшөөрч чадахгүйгээ илэрхийлэн Москвад байхдаа огцорч, орных нь шинэ сайд Чуньцинээс Москвад очин хэлэлцээг дуусгаж, 1945.08.14-нд Зөвлөлт Холбоот Улс, ДИУ-ын хооронд Найрамдал, холбооны тухай гэрээнд гарын үсэг зурав. Гэрээ 30  жилийн хугацаанд хүчин төгөлдөр, байгуулагдсанаасаа хойш 10 өдрийн дараа хүчин төгөлдөр болсон. Гэрээг ноот дагалдсан бөгөөд түүнд “БНМАУ-ын тусгаар тогтнолыг ДИУ хүлээн зөвшөөрнө” хэмээн заажээ. Энэ гэрээ ба ноот 1950 он хүртэл мөрдөгдөв. Ноот дээрхи заалтын дагуу Хятадын тал Гадаад Монголын хүн амаас санал асуулгах болж, тэр оны намраа тусгаар тогтнолоо баталсан санал хураалтыг монголчууд зохион байгуулж, Хятадаас эгнэгт саллаа гэдгээ нотолжээ. Хятадад ардын хувьсгал ялж БНХАУ байгуулагдсаны дараа Гоминданы Хятадтай байгуулсан дээрхи гэрээг цуцлаж БНХАУ-тай 1950.02.14-нд мөн л 30 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх учиртай Найрамдал, холбоо, харилцан туслах тухай Гэрээ Москвад байгуулав. Гэрээ байгуулахдаа өмнөх 1945 оны адил хоёр тал ноот солилцов. Уг ноотод 1945 онд явагдсан референдум болон БНМАУ, БНХАУ хоёр дипломат харилцаа тогтоосныг харгалзан БНМАУ нь тусгаар тогтнон оршин буйг хүлээн зөвшөөрснөө зарлахаар тохиролцов гэсэн мөрүүд бий.

Энэ утгаар авч үзвэл, олон улсын эрх зүйн хувьд манай тусгаар тогтнол олон улсын хэмжээнд зарлагдаж, баталгаажин, өнөөг хүртэл мөрдөгдөж байгаагийн эхлэл нь 1950.02.14-ний өдөр, Ялтын бага хурлаас хойш яг 5 жилийн дараа болж таарч байна.      

Ялтын бага хурлын ач холбогдол

Мэдээж түүхэн ач холбогдолтой гэж дүгнэж ирсэн. Дэлхийн дайны үед болж өнгөрсөн олон улсын хамгийн том, чухал зөвлөлгөөн, Гитлерийн эсрэг эвслийн гишүүн гүрнүүдийн хамтын ажиллагааны гарааны эхлэл, хоёр туйлт ертөнц, Европыг дорно, өрнө хэмээн зааглахын эхлэл гээд ач холбогдлуудын жагсаалт ярайна. Олон улсын харилцааны “Ялтын тогтолцоо” гэх бүхэл бүтэн эрин үеийг тэгэхэд үндэслэжээ. Энэ тогтолцоо хүчний тэнцвэрийг хав барьж чадаж байсан учраас хүн төрөлхтөн III дайнаа амсаагүй, цөмийн мөргөлдөөнд татагдан орчихоогүй юм. Дайны дараахи Европын газрын зураг дээрхи демаркац хилийн шугам 45 жил хөдлөөгүй, эцэст нь СССР өөрөө задран унаж, Төв ба Дорнод Европ дорнод эвслээ тарааж, Европын цоо шинэ газрын зургийг буй болгосон. Ялтын тогтолцоо түүх болсон ч түүний буй болгосон бусад механизм ажилласаар байна. Энэ бол НҮБ билээ. НҮБ 70 дахь жилдээ хүн төрөлхтөний өмнө түүхэн үүргээ гүйцэтгэж явна. Европт хил хязгаарыг хүчээр өөрчлөх (өнөөгийн Крым яригдаж буй ч) түрэмгий санаа цухалзсангүй, Алс Дорнод нь Ялтад тохиролцсон хэм хэмжээнээс зөрчигдсөнгүй, Гадаад Монгол нь Монгол Улс хэвээрээ оршин тогтнож, хөгжиж цэцэглэлээ. БНХАУ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хангаж байна. СССР-ийн Алс Дорнодын хил ОХУ-ын өнгөн дээр зөрчигдсөнгүй, ОХУ, Япон, БНАСАУ, БНСУ зэрэгцэн оршиж байна! 

http://bayarkhuu.niitlelch.mn

No comments:

Post a Comment

Манжийн хаад

Хятадын түүхэнд тодорсон хамгийн аугаа гурван хааныг: Цинь Ши Хуанди, Хубилай, Канси гэх юм билээ. Цинь Ши Хуанди бол хүний түүхэнд мэдэ...