Friday, February 13, 2015

Асар их үнээр олдсон Аз жаргалаа хамгаалж яваарай (ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТ)

Цэлмэг зaлуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтaа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлдэг
Цэрэндоржын Цэдэнжaв:
Халх голын байлдаан болсон газар Монгол орны хамгийн дорно зүгт оршдог Дорнод аймаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тус аймаг ОХУ, БНХАУ хоёр улстай хил залгана. Тэгш тал газар зонхилно. Хуучнаар Сэцэн хан аймгийн зүүн гарын дунд хошуу 1689 онд байгуулагджээ. Хошууны анхны ноён нь Сэцэн хан Өмхий авга болох Илдэн тайж хэмээх Пунцаг 1688 оны Халх-Ойрадын дайны үед харъяат ардаа аван  Манжид дагаар орсон байна. 1758 оны 12-р сарын 27-ны өдрийн Хэрлэн Барс хотын чуулганы дэд тэргүүний бичигт Илдэн засгийн хошууны нутгийг өмнө зах Хулстай, хойт зах Буйр, баруун зах Цагаан уул зүүн  зах Гүн нуур хэмээн ерөнхийд нь тодорхойлсон байдаг байна. Илдэн засгийн хошуу нь Монгол улсын Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэр хамаардаг байсан талаар Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхч Ж. Гэрэлбадрах тэмдэглэсэн байдaг.
Халх, Барга хүмүүс тус нутагт амьдарч тэдний хоорондох газар нутгийн маргаан Илдэн засгийн хошууны хувьд хоёр хэсэг газар голлон гарч байжээ. Монголд шинэ засаг тогтсоноор нутагт байх Хөх нуурын хотгорт 1924 онд Халхгол хошууны Их хурал хуралдаж 6 сумтайгаар Тамгын газрыг байгуулж, хошуудыг хаан ноёдын нэрээр нэрлэж байсныг өөрчилж, Хан Хэнтий уулын аймгийн “Хaлхголын хошуу” хэмээн нэрлэсэн түүхтэй.

Японууд 1931 онд Хятaдтай дайн хийж, Манжуурыг эзэлж, тэнд Манж-го-гийн тоглоомын улс байгуулж аль эрт 1889 эхтэй Оросын Алс Дорнод, Сибирьт өнгөлзөх бодлогоо хэрэгжүүлэх түшиц газраа болгожээ.
Японы угсаа залгамжилсан хаан 1932 он гэхэд Японы улс төрийн эрх мэдлээ цэргийнхэнд шилжүүлсэн байдaг. Эзэн хаан Хирохито бэлэгдлийн шинжтэй болж цэргийнхэн хийж буй ажиллагаа бүхнээ Эзэн хааны нэрийн өмнөөс хэмээдэг байв.  
Манжуурын нутагт эрт дээр үеэс Дунху, Хүннү, Сяньби, Кидан, Зүрчид, Монгол зэрэг янз бүрийн үндэстэн, овог аймгууд нутаглаж байв. Манж Чин улсын эхэн үеэс Орос, Хятадын хилийн зааг болжээ. 1896 оны Хятад-Оросын нууц гэрээний дагуу баригдсан, Сибирь, Манжуур, Оросын алс дорнодыг холбосон Хятадын алс дорнодын төмөр зам 1901 онд ашиглалтад орсон байна. Энэ чиглэл нь Транс-Сибирийн төмөр замыг Читээс Харбин хүртэл Манжуураар дайрч Оросын далайн боомт Владивосток хот руу орон зай цаг хугaцааны хувьд хэмнэлттэй хүргэдэг ач холбогдол өндөртэй ашигтай зам юм. Оросууд Лядоны хойгийг орос японы 1904-1905 оны дайнд алдаснаар өмнөд манжуурын төмөр зам японуудын хяналтанд орсон байна.
1936 онд Японы цэргийнхэн Нацист Германтай гэрээ байгуулсан холбоотны гэрээ байгуулсан байна.
Энэ үеэс эхлэн Японы талаас ЗХУ-тай «том дайнд» бэлтгэх зорилгоор цэргийн зардлаа эрс нэмэгдүүлэх шаардлага гарч түүнийгээ үндэслэлтэй болгохын тулд хуурай замын хүчний командлал зөвлөлтийн аюул нэмэгдэж буйгаар халхавчлан суртал нэвтрүүлгийн компанит ажиллагааг дэгдээсэн байдаг.  (Цэргийн зардлаа нэмэгдүүлэх ажиллагааны хүрээнд Японы энгийн айл өрх бүр цэргийн зориулалт бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болсон байдаг. Хожим дайн дуусахад өлсгөлөнд нэрвэгдэн, үнс нурам дундаас босч ирсэн иргэдийн хэрэгцээг хангаж эхэлсэн түүхтэй) Япон генералууд хоосон тоо дурдаж, Алс дорнодод улаан армийн цэргийн тоо нэмэгдсэн мэтээр ярьж, энэ нь Японы батлан хамгaалалтад хямрал учруулав гэж нотолж байлаа. Энэхүү зохиомол сэдвийг нотлохын тулд армийн командлал хилийн олон будлианыг зориуд өдөөжээ.
Үл довтлолцох тухай гэрээ байгуулах тухай ЗХУ-ын саналыг Японы засгийн газар мугуйдлан няцааж, зөвлөлт-японы зэвсэгт мөргөлдөөний аюул улам бодитой болсон нөхцөлд Зөвлөлтийн удирдлага улсын зүүн нутагт батлан хамгаалах чадвараа бэхжүүлэх талаар санаа тавихад арга буюу хүрэв. Цэргийн тоо нэмэгдэж, Алс дорнодод танкийн болон нисэх онгоцны ангиуд бий болж, Номхон далайн флот хүчтэй болж, бэхлэлт барьж байв. Эдгээр арга хэмжээ хориглолтын шинжтэй байсан бөгөөд хил хамгаалахад шаардлагатай түвшингээс дaвсангүй. Зөвлөлтийн цэргийн бүлгийг хүчтэй болгосоны сацуу зөвлөлт-манжуурын хилийн урьд бэхлээгүй хэсгийг инженерийн хувьд тоноглож байв.
Японууд 1934 оны үеэс Монгол, Баргын газар нутгийн маргалдаaныг ашиглаж  эхэлсэн нь Манж-Го, Монголын хоорондох хилийг Буйр нуурт цутгах Халхын гол гэж үзэж байсан боловч Монголчууд Халх голоос зүүн чигт 16 км-н цаана орших “Номонхан” хэмээн Монгол, Манж-гогийн хилийн орчим байх уулын нэрээр нэрлэсэн тосгон хүртлэх газрыг  Монгол улсын нутаг гэж үзэж байв. Японы тал 1932 оноос эхлэн тагнуул туршуулын шинжтэй үйл ажиллагаа явуулж 1936 оноос Япон, Манжийн цэрэг Монголын хилийн Улаан бургас, Булан дэрс, Адаг дулаан, Бүрд овоо, Хайлааст манхан, Халхын сүм зэргийн чиглэлээр хил зөрчин өдөөн хатгалаг хийж байлаа.

Манж-Гогийн арми нь 1939 он гэхэд үндсэндээ Японы Квантуны Армийн командлагч генерал Комацүбара Мичитарод захирагдаж байжээ. Квантуны арми Японоор “Зүүнийг хамаарах арми” гэсэн утгатай үг юм. Дайны үед Японы нийт зэвсэгт хүчин 7 сая албан хаагчийн бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд зөвхөн хуурай замын цэрэгт 5 сая нь хүн алба хaаж үүнээс 1,5 сая цэргийн албан хаагч нь Өвөр Монгол, Манжуур, Зүүн хойд Хятад, Солонгост байрлаж байжээ. Япон улсын газар нутаг дайнд Хятад руу улам тэлсээр Манж-Го болон  Солонгосыг эзлэн авсны дараагаар ЗХУ-ын газар нутаг руу санаархах болсон байна. Энэ санаархалаас үүдэлтэй анхны хилийн байлдаан ЗХУ-Хятад-Солонгос улсын хилийн ойр орших Владвосток хотоос баруун ургаш 130 км зайд байх Хасан нуурын орчимд 1938 онд Приморьед болжээ. Хасан нуурын байлдааны ажиллагааны өмнө, хойно ч гэсэн  Манжийн хил дээр Япон болон ЗХУ-ын хооронд жижиг тулаанууд болж байжээ. Приморьд явуулсан байлдаан зөвлөлтийн алс дорнодын цэргийн хувьд ноцтой сорилт болсон байна. Өвөр Байгалын сав, Сибирийн төмөр замыг алдсанаар Сибирь, Урал дахь Цэрэг-Стратегийн аж үйлдвэрийн түшиц орон зай үгүй болно. Мөн ЗХУ, Монголыг бусдад алдахгүй байхыг чухалд авч тооцсон байна.
Өмнө нь Монголын Засгийн газрын хүсэлтээр БНМАУ-д ямар нэг гурав дахь этгээд халдвал ЗСБНХУ-н зүгээс харилцан туслах тухай аман хэлэлцээрийг 1934 оны долдугаар сарын 27-нд хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулжээ. 1936-1938 оны хооронд Манжуурын нутгаас Монголын хил рүү нийт 231 удаагийн халдлага хийсэн байна. Халдалгын үеэр Монгол хилчид буудах чадвараар Япончуудаас хавьгүй илүү байгаа нь тэдний гайхшлийг төрүүлж байжээ. Тиймээс япончууд  монгол цэргийн бай онилох чaдварыг тусгайлан судалсан байна. Судалгаагаар Монгол хүний харааны бүхэл япон хүнийхээс 2-5 бүхлээр илүү байсан бөгөөд энэ нь өргөн, уудам орон зайд амьдардаг хэв маяг нь нөлөөлж байна гэсэн дүгнэлтэнд хүргэсэн байна.
1935 оны нэгдүгээр сард Халхын сүмийн чиглэлд болсон өдөөн хатгалга, тулгаралтын асуудлаар БНМАУ, Манж- гогийн хооронд мөн онд Зaсгийн газар хоорондын бага хурлыг хийж, хилийн асуудлыг шийдвэрлэж байх үүрэг бүхий хамтарсан хилийн комиссыг байгуулах асуудлыг хэлэлцсэн боловч тодорхой тохиролцоонд хүрч чадаагүйгээс хэлэлцээр зогссон байна. 
Энэхүү хэлэлцээр тасалдсанаас хойш 4 хоногийн дараа буюу 1935 оны 11-р сарын 29-нд Булан дэрсний харуулын чиглэлээр Япон-Манжгогийн цэргүүд давуу хүчээр гэнэдүүлэн дайрч, тус заставын 18 хүний амь насыг хөнөөгөөд буцаж гарчээ.  1936 он гараад уг чиглэлээр харийн түрэмгийлэгчид удаа дараа их хүчээр дайрч дорнод хилийг хамгаалагчид тэдний эсрэг олон удаа хүч тэнцвэргүй тулалдаанд орж байв.

Манай улсын төр засгийн зүгээс үүсч буй нөхцөл байдалтай уялдуулан олон дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан ба  1936 оноос эхлэн СнЗ-ын 25-р хурлын тогтоолоор цэргийн алдар цолыг Хязгаарын цэргийн албан тушаалтнуудад олгож эхэлсэн байна. Мөн ЦАХ-ын нийгмийн асуудлыг сайжруулах зорилгоор хангалтыг сайжруулах, цалинг удаа дарaа нэмэх, ЦАХ-ын ар гэрт тусламж дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлт,  цалинтай чөлөө олгох зэрэг олон арга хэмжээг авч байжээ.
Дорнод хязгаарт Халхын голын байлдааны өмнө хоёр талаас хамгийн их хүн хүч, зэвсэг техник оролцсон байлдааны ажиллагаа нь 1936 оны 3-р сард болсон Адаг дулааны орчим болсон тулгаралт билээ. Япон манжийн талаас 90 гаруй машин, 12 танк, 7 тооны нисэх онгоц бүхий 1000 гаруй хүн, монголын талаас Баянтүмэн дэх нисэх отряд, хуягт суман, ЗХУ-ын хүнд пулемётын салаагаар хүч нэмэгдүүлсэн 5 машин бүхий отряд 4 машинтай хөнгөн пулемёт бүхий моторжуулсан суман, сэлэмт салаа оролцсон байна. Энэ тулалдаанд манай талаас 13 хүн амь үрэгдэж, 38 хүн шархдаж, 3 хуягт эвдэрснээс 1 хуягт нь дайсaнд олзлогджээ. Дайсны талаас 100 гаруй хүн алагдаж, 2 танк, 1 онгоц, 40 гаруй машин жагсаалаас гарсан байна.  
1937 оноос Япон-Манж гогийн тал манай улсын хилийн ойролцоо цэргийн хээрийн сургууль хийж, бие бүрэлдэхүүндээ Хaлхын гол орчмын газар орныг танилцуулж дайны бэлтгэлээ ил тод хангаж эхэлжээ.

Түүхээ мэддэггүй ард түмэнд ирээдүй гэж байхгүй гэдэг...

1921-1946 он хүртэл 25 жилийн турш БНМАУ-ын ЗХУ-аас өөр нэг ч улс гүрэн тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэж хүлээн зөвшөөрөхгүй байсан ба бүх учир нь тэд бүгд тэр үеийн дэлхийн капиталист гүрнүүд болох Их британи, АНУ, Францын гүнзгий колониуд, улстөр-цэргийнх нь шууд эзэрхийлэл эрхшээл нөлөөн доор нь байсaн нь нөлөөлсөн төдийгүй Япон улс ч тэдний хамсаатан хамтрагчид байсан гэдгийг харуулна.
Георгий Константинович Жуков
Тэрээр дөрвөн сар үргэлжилсэн Халх голын байлдааныг “Зарлаагүй дайн” хэмээн нэрлэсэн байдаг. Энэхүү ялалт нь Г.К.Жуковыг Дэлхийн 2-р дайнд баруун фронтын командлагчаар томилогдон цэргийн авъяас билиг нь тодорч цэргийн гарамгай жанжин болох эхлэл нь байсан билээ. Командлалын байр, ажил хэргийнхээ хүрээнд Г.К.Жуков Халх голын тэмдэг, баатрын тэмдэг хоёроо ихэвчлэн зүүдэг байсан гэдэг. Японы 75 мянган хүнтэй армийн эсрэг Зөвлөлтийн талаас дахин хүч нэмэгдүүлсэнээр явган цэргийн тоогоор 1,5 дахин, танкны тоогоор 4 дахин, артиллерийн зэвсэгийн тоогоор 2 дахин, онгоцны тоогоор 1,6 дахин илүү гарч 130 гаруй мянган цэрэг эрс түүний командаар ялалт авчирсан юм.

Барууны банкируудын толгойлсон англосакс капиталист гүрнүүдийн сүүлийн 500 гаруй жил хэрэглэсээр ирсэн геоулстөрийн бодлогынх нь "хагалaн бутаргаж жижиглэ, хооронд нь байнга яс хаяж сулруулж бай, ингээд бүгдийг эзэрхийлэн захир" гэдэг нэг гол үндсэн зарчим “Халх голын дайнд” мөн ашиглагдсан юм.
Барууны тусгай албадын зүгээс турхирч дэмжсний үр дүнд 1914-1918  хүртэл үргэлжилсэн Дэлхийн I дайны дундуур Оросын хаант гүрэн, Германы Кайзерын эзэнт гүрэн дотоод дахь хямралаа давалгүй задран унаж Британи, Франц, АНУ гүрнүүдээс улс төр, эдийн засгийн хараат болж иржээ. Дайнд ялагдсанаар Герман улс нь Версалийн "энхтайвны" гэрээ гэх бодит байдал дээр Барууны гүрнүүдийн гүнзгий колони нь болсон байдаг.  Чухам энэ үеэс эхээ авч Япон улс нь 1920-иод оны дундаас  Дорнод Ази дахь улс төрийн бодлогынхоо үндсэн зарчмыг тодорхойлж, ОХУ-ын Алс дорнод, Зүүн хойд Хятад, Монгол Улсыг эзлэх дайны төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн байдаг.

Хожим түүхэнд Танакагийн меморaндум /1927/ хэмээн тэмдэглэгдсэн Манжуур, Монголын асуудлыг цэрэг зэвсгийн хүчээр шийдэхийг хүлээн зөвшөөрсөн Ази, түүний дотор БНМАУ-ын эсрэг Японы зүгээс цэрэг стратегийн түрэмгийлэл хийх хөтөлбөр энэ үед боловсруулагдсан хэмээн эрдэмтэн түүхчид үздэг.
Японуудын зүгээс Монголын талд элдэв цуу, ухуулга хуудас тарааж, Монгол улсын удирдагчдаас Японы талд элэгтэй, дэмждэг хүмүүс байдаг мэт ойлголтуудыг төрүүлэхийг хичээх болсон бөгөөд энэ нь бие бүрэлдэхүүний дунд хардалт сэрдэлтийг бий болгож, тухайн үеийн цэрэг, улс төрийн зүтгэлтнүүдийг  хэлмэгдүүлэх ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулсан байдaг.
 
Ийнхүү гадаад, дотоод дахь тайван бус байдал 1939 он хүртэл үргэлжилсээр “Халх голын” дайныг эхлүүлэхэд Монгол улсын маршал, хошой баатар Хорлоогийн Чойбалсан 44 настай байлaа.
БНМАУцэрэг, төрийн томоохон зүтгэлтэн, Монголын ардын армийн хурандаа генерал (1961), БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайд (1959-1969), ХХ зууны Монголын цэргийн гарамгай зүтгэлтэн Жамъянгийн Лхагвасүрэн

МАХЦ-ийн улс төрийн газрын дарга Ж.Лхагвасүрэн дөнгөж 27 нас хүрч байв. Тэрээр дайны талбар болж байсан Халх голд армийн нэгдүгээр группын командлагч дивизийн комиссар Г.Жуковын орлогчоор ажиллах болсон байна. Халх голд Ж.Лхагвасүрэн армийн группын бүрэлдэхүүнд багтаж байсан МАХЦ-ийн анги нэгтгэлүүдийн дайны ажиллагааг удирдаж, цэргүүдийн дунд байлдааны болон хүмүүжлийн асар их үйл ажиллагаа өрнүүлж байв. Халх голд байлдаж байсан цэргүүдийн бэлтгэл, ур чадвар нэлээн дутмаг байсан тул байлдаан тулалдааны явцад сургах ажил явуулж байжээ. Тэр үед нөмөрсөн улс төрийн хэлмэгдэл фронт дээр байгаа цэргийн дарга, байлдагч нарыг ч тойрон гарсангүй. Энэ хууль завхруулсан үйлдлийг таслан зогсоохын тулд Ж.Лхагвасүрэн дараахи тушаал гаргасан байдаг. Үүнд, “… аар саар сахилга журмын хувьд арга хэмжээ авч болох хэргийг харин шүүх таслах газар ямар ч материалгүй шилжүүлэн өгөх явдал байна. Ийнхүү хууль бусаар шилжүүлэх явдлаас манай хувьсгалт хуулийн нэр алдарт хорыг учруулж, энэ явдлаас үндэслэн үнэнч шударга ажилтанг ажвал дэмий хоосон хэрэгт татагдах явдал байж болзошгүй тул дээр дурдсан зүйлийг онц анхаарч хэрэг бүртгэн нарийн тодорхой хянаж гүйцэтгэх явдлыг анги нэгтгэлийн эрх баригчдад хатуу тушааж ...” гэсэн байв. Маршал Г.Жуков өөрийнхөө дурьтгал номд Ж.Лхагвасүрэнгийн удирдсан МАХЦ-ийн штабын ажлыг өндөр үнэлсэн байдаг.

Японы тал 1938 оны 11-р сард барын 1000 шахам өрх айлыг ... дугаар заставын хэсэг Хайлаастайн голын хоёр талаар хүчээр манай хилийн шугамаас дотогш 10 шахам км газар оруулж, өрх бүрд 2-3 зэвсэгт цагдаа цэргүүдээ байрлуулан, монголын хилээс нэн даруй гарахыг шаардахад эсэргүүцэн буудах зэргээр өдөөн хатгаж, улмаар дайн үүсэх шалтаг гаргахыг зорьж эхэлжээ. Гэвч хилчид шаргуу тэмцсэний үр дүнд  1938 оны 12-р сард манай хил хязгаарыг зөрчин ирсэн Японы цэргүүд болон япончуудын зүгээс хүчээр хил нэвтрүүлэн оруулсан баргын айл өрхүүдийг хилээс хөөн гаргаж чадсан байна.
1938, 1939 оны өвөл зүүн хязгаарт цас их унаж, хүйтний эрч -40 С градус хүрч онцгой хүйтэрч, хилийн заставууд түлэх түлш, агт морьдоо тэжээх өвсөөр дутагдах, хилчид хөлдөх, осгох зэрэг бэрхшээл олноор гарч байсан ч хилчид өдөр тутмын байлдааны үүргээ гүйцэтгэн хүйтэнд хөрч, дайсны хэд дахин илүү хүчтэй тулалдаж, бүх бэрхшээлийг эрэлхэг зоригтойгоор даван туулжээ.
Урт удаан хугацааны турш үргэлжилсэн хямралын оргил үе нь  1939 оны 5 дугаар сарын 11-ээс эхэлдэг. Уг өдрийн өглөөгүүр Номун хан, Бүрдэн Овооны чиглэлээр Япон-Манж-гогийн миномёт, пулемётоор дэмжүүлсэн 200 цэрэг бүхий салбарууд хилээс дотогш холгүй зайд орших Бойтогт манханд үүрэг гүйцэтгэж байсан 10 хүний бүрэлдэхүүнтэй хилийн харуул руу дайрсан бөгөөд үүнийг Халхын голын байлдааны буюу  зарлаагүй дайны эхлэл хэмээн тооцдог.
Халхгол хүртлэх 650 км замаар Арттллерийн сум 18.000тн, нисэх онгоцны бөмбөг 6.500тн, шатах, тослох материал 15.000 тн, хүнсний хэрэглээ 4000тн, түлш 75000тн, бусад ачаа 4000 тн тээвэрлэх шаардлагатай байв. Дээрх олон тонн ачааг тээвэрлэхэд 3500 ачааны машин байхаас 1724 ачааны машин, юүлэгч машин 1400 байх ёстойгоос 912 машин байжээ. Гэсэн ч Зөвлөлт-Монголын дайчид 8 сарын ид халуу шатам нартай, хуурай хар салхи үлээсэн хүнд өдрүүдэд 1200-1300 км замыг нойр хоолоо хугаслан 5 өдрийн дотор давхиж товлосон өдрөө бэлэн болгосон байдаг. Ар талын зохицуулах тээвэрлэлтийг голчлон Өвөр байгалийн цэргийн тойрог ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.
Халхголын дайны үед хамгийн их дайралтыг няцааж байсан хилчид Монгол цэргүүд 3 жил буюу 1080 хоног өмсөх хувцасаа ч тайлах завгүй хилээ манаж эх орныхоо сөөм газар бүрийн төлөө амь өрсөн тулалдаж байлаа. Тэдгээр хилчид Халхголын шийдвэрлэх тулааны операцийн үйл ажиллагаанд үлэмж хэмжээний туслалцаа үзүүлсэн гэдэг. Хилчид тухайн газар орны байр байдал, дов сондуулыг хүртэл андахгүй мэддэг олон удаагийн өдөөн хатгалагт орохдоо хэрэглэж ирсэн туршлага дээрээ тулгуурлан саналаа оруулдаг байсан нь удирдлагууд хүлээн авч хилчдийн бэлтгэсэн мэдээллийг түлхүү ашигласан талаар түүхэн баримт билээ.
Зөвлөлт-Монголын талаас шийдвэрлэх тулаанд бэлтгэхдээ дайсныг төөрөгдүүлэх, худал мэдээллээр хангах зэрэг тактик боловсруулсан нь мөн л үр дүнгээ өгсөн байдаг. Японууд өөрсдийн хүч чадалдаа хэт ирдэж Зөвлөлт-Монголын талын зэвсэглэл цэргийн нөөц хүчийг хэт багаар тооцсон нь тэднийг ялагдал хүлээлгэн 1941 оны 12 сард тэнгисийн тулаанд ороход нөлөөлсөн гэж үздэг.
Дивизийн бүх эмнэлгүүдийг хээрийн хөдөлгөөнт госпиталь болгож өргөтгөн зохион байгуулсан учир дивизийн эмнэлгүүдийн үзүүлж буй тусламж госпиталийн түвшинд хүрч байсан юм. Халхын голын дайны үед шархтан, өвчтөнг байлдааны талбараас цэрэг дайчид, санитарч, сувилагч, эмч нар явган дамжлан тэвэрч, мориор, машинаар ангийн эмнэлэг, хөдөлгөөнт хээрийн 1 ба 2 дугаар госпиталь, Тамсагбулагийн 1100 ортой госпитальд тэндээс эмнэлгийн машинаар, монголын цэргийн эмнэлгийн онгоцоор Баянтүмэн, Улаанбаатарын госпитальд зөөвөрлөн эмчилж байв.
Николай Константинович Рерих
Шамбалын орон, Шамбалын дайн хэмээх нэртэй холбогдох (1874-1947) Николай Константинович Рерих энэ хүнийг Монголд зураач, аялагч эрдэмтэн гэж голдуу төсөөлдөг. Энэ хүний хоёр удаагийн экспедици маш том зорилго агуулж, Монголтой ихээхэн холбогдсон байдаг. Орост хувьсгал ялж коммунизмыг дэлхий дахинд түгээх шинэ түүхэн нөхцөлд Оросын “дорноджих” номлолтой холбогдсон байх магадлалтай. Тухайн үед Хятадад Японы нөлөө хүчтэй нэмэгдсэнээр Өвөр Монголд тусгаар тогтнол олгох хөдөлгөөн эхэлсэн бөгөөд энэ нь Рерихийн “тусгаар улс” байгуулах үзэл санаатай ямар нэгэн байдлаар давхцаж Рерих нь төвдийн Ванчин Богдтой холбоо тогтоож 1932 оны “эсэргүү бослогын” Шамбалын дайн болно гэсэн цуурхал түүнээс үүдсэн байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Ванчин богд Монголд ирж “Шамбалын дайн” дэгдээх цуурхалыг агуулж яваа Рерихийн экспедицийг АНУ-ын маш олон байгууллага дэмжиж “Белуха” хэмээх америкийн корпораци Рерихийн экспедицийг санжүүжүүлж байсан нь анхаарал татна. Ардын засгийн өмнө Монголд асар их нөлөөтэй байсан дээд лам нарыг өөртөө татахыг Рерих төдийгүй Орос, Япон, Хятад улсууд ихээхэн сонирхож байсан нь баримт юм.  Рерих 1927 оноос Оростой харилцаагаа тасарч АНУ-д 1934 оны хавар хүрсэн байдаг. (1934-1936) АНУ-ын Хөдөө аж ахуйн демартаментаас зохион байгуулсан Манжуурын экспедицийг толгойлж франц дахь орос цагаачидын толгойлогч генерал Н.Н.Головинтай холбоо тогтоосон байдаг.
Франц дахь орос цагаачидын толгойлогч генерал Н.Н.Головин
Генерал Головин Алс Дорнодын байлдааны талбарыг нэвтэрхий мэддэг цөөхөн мэргэжилтний нэг байжээ. Манжуурын экспедици 1934-1936 Хасан нуур, Халхын голын түгшүүрт цаг үед  ургамал судлаад явж байсан нь сонирхолтой л сэдэв ... Рерих Японы цэргийн яамны сайд Хаяшитай албан ёсны уулзалт хийж Манж-Гогийн эзэн хаан Пу–И-тэй нүүр тулан  Ванчин Богд болон Дэ ван нартай  биечлэн уулзсан нь мөн хачирхалтай сэдэв ...  
Квантуны армийн генералууд ирээдүйн дэлхийн дайнд бэлтгэж Монгол уруу цөмрөн орохдоо төвдийн Ванчин богдын тусламжтай дотроос нь том лам нараар нь удирдуулсан зэвсэгт бослого гаргана хэмээн тооцоолж энэ ажиллагааг бүх сувгаар дэмжин хилийн цаанаас сэм удирдаж байсан нь олон баримтаар нотоллогддог.
Зэвсэгт бослогыг Монголд тухайн үед явуулсан малчдыг хүчээр хамтралжуулах, тайж, лам нар болон баячуулын талаар баримталсан алдаатай бодлогоос улбаатай хэмээн 1990 оноос хойш тайлбарладаг болсон боловч угтаа “Шинэ” засаг бий болж монголд нөлөөгөө бэхжүүлж авсан шарын шашинд зориулсан бодлого явуулах хэрэгтэй болсоноор анхлан сүм хийдэд тодорхой хэмжээний татвар ноогдуулсанаас эхээ тавьжээ. 1932 оны дайн бослого нь 1937- аад оны эцсээр олон мянган лам нар улс төрийн хэлмэгдэлд орох эх үүсвэр, шалтаг шалтгаан болсон гэж үздэг. Өөрөөр хэлбэл, дайн бослого гараагүй бол олон мянган лам хэлмэгдэж, сүм хийд, эзгүйрэн хаагдаж, бүрэн устахгүй байх үндэслэлтэй. Энэ бидний цаашид судлах сэдэв хэвээр байх болно ...
Халх голын дайнд дэлхийн түүхэнд хамгийн олон онгоц оролцсон. Нэг дор 1000 онгоц нисгэж квантуны армийн бэхлэлтийг юу ч гүй бөмбөгдөөд японд үхлийн цохилт өгч буулгаж авсан юм. Олон онгоц оролцсон тулалдаан гэдгээрээ дэлхийн дайны түүхэнд 1-р байранд ордог.
АНУ-ын засгийн газраас Японы албан ёсны болон албан бус эх сурвалж, баримт материалыг орчуулах, судлах ажлыг дайны дараагаар явуулжээ. Японы засгийн газар 1945 оны 10 дугаар сарын 12-нд дэлхийн хоёрдугаар дайны түүхийг бичихэд шаардлагатай мэдээллийг цулуулах үүрэг бүхий байгууллагыг байгуулсан байна. Японы өмнөх засгийн газруудын үлдсэн баримт бичгүүд, дайнд оролцогчдын тэмдэглэл, хувийн архивыг цуглуулах, дайнд олзлогдсон японы цэргийн эрхтнүүдийг түүхийн зорилгоор байцаах үлэмжхэн ажил хийгджээ. Эдгээр материалыг ашиглан АНУ-ын хяналтын дор 200 гаруй судалгаа хийгдсэн нь АНУ-ын цэргийн түүхийн төвд хадгалагдаж байгаа юм. Хэрвээ япончууд Номонханы хэрэг явдлыг ер үүсгээгүй эсвэл ялсан бол үр дагавар нь ямар байх байсан бол магадгүй Япон Гитлерийн талд дайнд оролцох байсан болов уу, магадгүй тэд Оросыг дэлхийн тавцангаас зайлуулсан байх байсан болов уу гэвч Гитлер Польшийг эзлэхээс 48 цагийн өмнө Япон эхлээгүй байсан дэлхийн хоёрдугаар дайнд нэгэнт ялагдсан байв гэж бичжээ.
Монголын нутагт дэвсгэрт довтолсон, Японы засгийн газар Квантуны Армийн энэхүү түрэмгийллийг зогсоох талаар нөлөөлж чадаагүй, зөнд нь орхисон нь буруу байсан, энэ нь цэргийн байгууллагад тавих иргэний хяналт бүрэн алдагдсантай холбоотой, Улаан Арми Японы цэрэгт Халхын голд мартагдахааргүй сургамж өгсөн, Халхын голын байлдаан нь Жуковыг “төрүүлсэн”, Японы тал Улаан Армийн чадавхийг дутуу үнэлэхийн зэрэгцээ Японы номлол, зэвсэглэл хоцрогдсон байв гэсэн гаргалгаа нийтлэг байдаг болно.  Чингэхдээ АНУ, өрнөдийн судлаачид өмнө нь “Номонханы хэрэг явдал” гэсэн нэр томьёог хэрэглэж байсан бол эдүгээ “Халхын голын байлдаан”, “Халхын голын агаарын дайн” эсвэл “Халхын гол-Номонханы хэрэг явдал” хэмээн зэрэг хэрэглэх болжээ.
Хятад дахь Квантуны армийн штаб
Хятадын зүүн хойд нутагт байрласан Японы 731 дүгээр отряд нь хими, бактериологийн зэвсгийн туршилт, үйлдвэрлэл явуулж  хүн төрөлхтөнд дайн, алан хядлага, үй олноор хөнөөх зэвсгийг үйлдвэрлэж амьд хүн дээр туршиж байсан нь түүхэн үнэн билээ.
Японууд Хятадын энгийн иргэдийг аймшигтайгаар тамлан зовоож цааш харуулдаг байв. Тэдэнтэй яг л адгуус шиг харьцаж байсан талаар амьд үлдсэн хүмүүс дурссан байдаг.
1932 онд Токио дахь японы армийн цэргийн эмнэлгийн сургуульд “Хижгээс сэргийлэх судалгааны тэнхим” байгуулж, цэргийн эмч хошууч Широ Ишигээр удирдуулснаар Японы армийн хими, бактериологийн зэвсгийн судалгааны ажил эхэлсэн байна. Улс бактериологийн дайн хийснээр ялалтанд хүрэх бөгөөд энэхүү бактериологийн зэвсгийг турших, үйлдвэрлэхэд нүсэр их зардал мөнгө, тоног төхөөрөмж шаардагдахгүй, түүнчлэн богино хугацаанд эсрэг этгээдийнхээ хүн ам, цэргийг олноор нь халдварлуулан амьд хүчний ихээхэн хохирлыг үзүүлж байлдах чадварыг нь алдагдуулах боломжтой, бүх ажлыг эмнэлгийн судалгаагаар халхавчлан нууцлах боломжтой зэргээрээ давуу бөгөөд энэ чанараараа ашигт малтмалын нөөц хомс Япон улсын хувьд хими, бактериологийн зэвсэг нь маш ашигтай хэмээн үзсэн байна.

1933 оны 08 дугаар сард Харбин хотын Нань Гань тойрогт “Хижгээс сэргийлж ус түгээх Квантуны анги” гэгч бактерийн туршилтын ангийг түүний харъяа бактерийн туршилтын хэсгийг нууцаар байгуулжээ.1936 онд Японы эзэн хааны зарлигаар зүүн хойт хятадад Японы хуурай замын цэргийн бактериологийн зэвсгийг бэлтгэх болон дэлгэрүүлэх 2 нууц ангийг байгуулжээ. Үүний нэг нь Харбин хотод байгуулсан “Хижгээс сэргийлэх, ус хүргэх Квантуны цэргийн хэлтэс”, нөгөөх нь Чанчунь хотын “Малын хижгээс сэргийлэх Квантуны хэлтэс” юм. Эдгээр нь хэдийгээр хижгээс сэргийлэх”, “ус хүргэх” гэсэн аятайхан нэртэй боловч үнэн хэрэгтээ бактерийн зэвсгийн нууц туршилт явуулах онцгой объектууд байлаа.1938 онд “Хижгээс хамгаалж ус түгээх анги”-ийг өргөтгөн 2000 хүн, 8 хэсэгтэй болгосон бөгөөд 1938 оны 06 дугаар ард Японы Квантуны армийн удирдлагын шийдвэрээр Харбинд цэргийн онцгой бүс байгуулж бактериологийн туршилтын төвийг тус хотоос 20 км зайтай газар шилжүүлэн байрлуулж, “Манжийн 659 дүгээр цэргийн анги” гэж нэрлэж байгаад 1941 оноос “Манжуурын 731 дүгээр цэргийн анги” гэсэн нууц нэр өгчээ.
731 дүгээр отрядад 3000 орчим хүн ажиллаж байсан бөгөөд энд Японы нян судлалын тэргүүлэх эрдэмтдийг татан авч ажиллуулж байсан юм. Отрядад сард 300 кг тахлын, 500-600 кг хүртэл боомын, 800-900 кг хүртэл гэдэсний хижиг, цусан суулгын, 1 тонн хүртэл булчин задрах тахлын нян үйлдвэрлэж байсан баримт байна.
Тэд дайны олзлогдогсод, хоригдол, эзлэгдсэн орон нутгийн ард иргэдийг энэхүү туршилтандаа ашиглаж байсан бөгөөд эдгээр хүмүүсийг “банз” хэмээн нэрлэж, туршилтын материал болгон хэрэглэж байжээ. Тэд янз бүрийн хувилбараар амьд хүмүүс дээр туршилт хийж байсан бөгөөд тухайн хүн үхэн үхтэл нь нарийн судалж, тухайн нян хүний биед ямар хугацаанд хэрхэн нөлөөлж, ямар нянгаар халдварласан хүн хэдий хугацаанд хэрхэн үхэж буйг нарийвчлан судалдаг байжээ

Япон цэргүүд Хятадын иргэдийг амьд бай болгон ашиглаж зугаацдаг байв


Энэ дайны овоо хараанд хамгийн түрүүнд өртсөн улс орны нэг нь БНМАУ байсан юм. Квантуны цэргийн командлал Халхын голын дайн эхэлмэгц Халхын голын районд бактериологийн дайн хийх төлөвлөгөө зохиосон байдаг.  Дайны жилүүдийн тэр гамшигт туршилтын түүхийг дэлхийн улс түмэнд сэрэмжлүүлэх зорилгоор музей байгуулагдсан байна. Японы “731-отряд”-ын гэмт хэргийн эд зүйлсийн музей нь бактериологийн дайнд тарчлан зовсон болон амь үрэгсдэд зориулсан гэрэлт хөшөөтэй бөгөөд 23 балгас анхны байдлаараа хадгалагдаж байдаг бөгөөд орон нутгийн чанартай хамгаалалтанд байдаг дурсгал ажээ. Гэмт хэргийн эд зүйлсийн үзүүлэнгийн танхим нь 418 кв.м бөгөөд энд 160 гаруй гэрэл зураг, 70 гаруй бодит эд өлгийн зүйлс, тэр аймшигт үйл явдлын нотолгоо болох гэрчүүдийн дуртатгал их хэмжээгээр байдаг аж.
Халх голын байлдааныг Японы түүхч, улс төр судлаачид “Номонханы үйл явдал” “Номонханы хилийн будлиан” хэмээн нэрлэж бүдгэрүүлэхийг оролддог. Харин энэ нь будлиан, маргаан бус тусгаар тогтносон гурван улсын хуурай замын байнгын бүх төрлийн цэрэг, нисэх хүчин оролцсон байдлаараа партизан болон сайн дурынхан, ганц нэг отряд оролцсон тулаанаас ялгаатай байлдаан юм. Халх голд Японууд ялагдал хүлээснээр Японы хуурай замын хүчин дахин сэргэлгүй, Оросуудтай тулалдах ямар ч боломжгүй юм гэсэн ганц дүгнэлт хийжээ. Энэхүү асуудлыг Японы арми, тэнгисийн цэргийн удирдлага эзэн хааны оролцоотойгоор энэ хэлэлцэж цэргийн цуврал хуралдааныг хийсэн байдаг. Тэнгисийн цэргийн ажиллагааг дэмжсэн армийн офицерүүдийн нэг Хурандаа Цүжи гэгч хурц илтгэгч байсан бөгөөд “Халх гол”-н тулааны үеэр тэнд биеэр очиж үзсэн нь тэнгисийн цэргийн ажиллагааг  өргөтгөхөд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.

Увайгүй тэнэгийн шинж бол бусдын ач тусыг үл мэдэх явдал бөлгөө. /Эртний  мэргэдийн сургаалаас.../

Оруулсан Хайтан.

эх сурвалж: http://fun.everyday.mn

No comments:

Post a Comment

Манжийн хаад

Хятадын түүхэнд тодорсон хамгийн аугаа гурван хааныг: Цинь Ши Хуанди, Хубилай, Канси гэх юм билээ. Цинь Ши Хуанди бол хүний түүхэнд мэдэ...