Хожмын Германы улс төрч, Германы Үндэсний Социалист Ажилчны Нам буюу Нацист намын удирдагч А. Гитлер Дэлхий нэгдүгээр дайны сүүлийн саруудад буюу 1918 оны 9-р сарын 28-ны өдөр Францын Маркоинг тосгоны ойролцоох байлдаанд шархдаж, Их Британийн нэгэн цэргийн овоо хараанд өртжээ. Харин Британи цэрэг шархадсан эр лүү сум нээлгүй, энэрэнгүй сэтгэл гаргаж зэвсгээ доош буулгасан байна. Гитлер ийнхүү сайхан сэтгэлт цэргийн ачаар амь мултарч одсон түүхтэй.
Зураг дээрх шархадсан цэргийг үүрч яваа хүн бол 1918 оны 9-р сарын 28-ны өдөр Маркоингийн тулалдааны үеэр Гитлерийн амийг өршөөсөн Их Британийн байлдагч Хенри Тандей байжээ. Гитлер тухайн үед дайсны талын цэргийг өөр лүү нь дөхөн ирж байгааг хараад энэ насны амьдралаа дуусгах нь гэж бодсон тухайгаа хуваалцсан байна. Гитлер 1919 онд Тандейг шагнал хүртсэн талаар сонингийн нийтлэлээс олж харсан аж. Тэрээр одон медалиар шагнагдсан дайны баатрын зургийг хайчилж аваад өөртөө хадгалсан бөгөөд 1937 онд Италийн зураач Фортунино Матаниягийн зурсан Менинийн тулааны зургаас Тандейн төрхийг хараад л шууд таньсан гэдэг.
Гитлер Чемберлэйнээс өөрийнх нь амийг аварсан Тандейд талархсан сэтгэлийг нь дамжуулан өгөхийг хүсчээ. Ийнхүү Тандей гэх цэрэг Гитлерийн амийг өршөөсөн түүх Их Британи даяар цуурхал тарахад хүргэсэн байна. Улмаар Тандей ч 1918 оны тэр өдөр цэргүүдийн амийг өршөөснөө хүлээн зөвшөөрч, шархадсан хүмүүсийг буудахгүй байх ёс зүйн дүрэмтэй гэдгээ мэдэгдсэн боловч тэдгээр шархадсан цэргүүдийн дунд Гитлер байсныг онцгойлон санаж чадахгүй байв. Өөрөөр хэлбэл Тандей энэ үед Гитлерийг өршөөснөө санах нь бүү хэл, амьдралдаа түүний царайг харж байсан эсэхээ ч хэлж мэдэхгүй байсан аж. Энэ явдлаас жил хэртээ өнгөрсний дараа Германы агаарын хүчин Тандейн төрөлх нутаг Ковентриг бөмбөгдсөний дараахан тэрээр хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн байна. Энэ удаа Тандей урьдынхаас илүү харамсангуй "Би шархадсан хүн рүү буудах дургүй. Гэвч хэрэв би тэр үед ирээдүйн дайснаа өршөөж байгаагаа мэдсэн бол өөрийгөө илбэдээд ч хамаагүй түүнийг үгүй хийх байсан." хэмээв.
Тандей Маркоингийн тэр харамсалтай өдөр бууныхаа гохыг дараагүйнхээ төлөө дэлхийд дайны аймшиг нүүрлүүлсэн мэт буруутай санагдаж, өөрийгөө зүхэж байв. Гэсэн хэдий ч хожим Тандейн намтрыг судалсан доктор Дэвид Жонсон Хенриг буруугүй гэдэгт итгэж байжээ. Тухайн үед нийт улс орны болоод төрөлх нутгийнх нь хувьд хэцүүхэн үе байсан тул Хенри нүдээр үзсэн тэдгээр зовлон гашуудал, хагацал шаналалд өөрийгөө буруутгаж байсан. Чухамдаа холбоотны цэрэг Гитлерийн амийг өршөөсөн хэмээх мэдэгдлийг баталгаажуулах боломжгүй юм. Доктор Жонсон Гитлертэй холбоотой бүх үйл явдлын талаар хэд хэдэн эргэлзээтэй асуудлууд байгааг сануулж, 2014 онд бичсэн "Гитлерийг буудаагүй эр" номондоо "Гитлер амьдралдаа ганцхан удаа, тэр бүү хэл шархадсан байхдаа хараад өнгөрсөн Хенриг хар цагаан сонины гэрэл зургаас таних магадлал хэр өндөр байв?” гэсэн асуулт тавиад, тухайн үеийн улсын бүртгэлд Гитлер 1918 оны 9-р сарын 25-27-ны хооронд чөлөөтэй байсан гэдгийг батлах нотолгоо алга гэж мэдэгдсэн юм. Магадгүй энэ үед Гитлер чөлөөтэй байгаад, 9-р сарын 28-нд фронт руу буцсан байлаа ч тэрээр орон зайнаас шалтгаалж Хенритэй дайралдах бараг л боломжгүй байсан аж.
Учир нь Гитлерийн хороог 9-р сарын 17-нд Фаврюил-Бапауме мужаас Маркоингоос хойд зүгт 50 милийн зайд орших Витшете руу шилжүүлжээ. Тиймээс Гитлер 9-р сарын 28-нд чөлөөнөөсөө шууд буцаж ирсэн байсан ч гэсэн түүний хороо Тандейгаас хол байсан тул тааралдах боломж бүр ч бага байв.
Хэрэв энэ бүхэн худал байсан бол Гитлер яагаад ийм түүх зохиосон бэ?
Тэр Тандейг дайны хамгийн нэр хүндтэй цэргүүдийн нэг болсныг мэдсэн тул зориудаар энэ өдрийг сонгосон байх боломжтой. Хэрэв Гитлер Британийн нэр хүндтэй дайны баатраар амь өршөөгдсөн гэх цуу тараавал тэрхүү дайны баатрын нэр төр, байр суурь болоод армийн нэгдлийн үнэт зүйлийг хүртэл шавартай нь хутгах цаг зуурын хэрэг болж хувирна. Бурхан мэт өөрийгөө тахин шүтэн түүнийг ямар нэг байдлаар “сонгогдсон”, "ивээгдсэн" хэмээх үлгэр домог Гитлерийн нэр хүндийг бадраах ёстой байв. Гитлерийн уг түүх цаашид ч хүмүүсийг талцуулан мэтгэлцүүлсээр үлдэх боловч Хенри Тандейн ололт амжилт дурсагдсаар байх нь ойлгомжтой. Тандей 1891 онд Варвикширийн Лимингтон хотод төрж, 19 настайдаа цэрэгт татагдсан юм. Дэлхийн 1-р дайн эхлэхээс өмнө тэрээр Гүэрнсей болон Өмнөд Африкт алба хааж байжээ. Тэрээр 1914 онд Ипресийн тулаанд оролцож, 1916 онд Соммегийн тулаанд шархадсан бөгөөд 1917 онд Пассчендаелийн тулаанд дахин шархдаж байв. Ийнхүү дайны талбарт идэвхийлэн тулалдсаар 27-хон насандаа тэрээр цэргийн дээд, хамгийн нэр хүндтэй шагналуудыг хүртсэн гавьяатай.
No comments:
Post a Comment