Monday, February 23, 2015

Ялалтын төлөө хамтдаа

Монгол морьд фронтод

Агуу Их ялалтын 70 жилийн ой удахгүй болно. Ялтын гэрээнээс НҮБ хүртэлх өнөөгийн бүх систем энэ Ялалтын үр дүн юм. Сүүлийн үед энэ үр дүнг хянан үзэх оролдлого гарах болов. Үүнтэй холбоотойгоор манайд ч гэсэн зарим нэг хандлага бий болов. Манай төр засаг ялалтын талаар бараг таг дуугай байгаа нь үлэмж ичгүүртэй, утгагүй ажил мөн. Агуу их түүхэн үйл явдалд оролцож, хувь нэмрээ оруулчихаад түүнийгээ бусадтай нийлж гутаах нь байж болшгүй тэнэглэл гэж би үзэж байна. 
Ингээд оросын нийтлэлч Алексей Волынец-ын 2013 оны 7 дугаар сарын 19-нд бичсэн нэгэн сонирхолтой өгүүлэлд (http://rusplt.ru/society/mongolia-v-voine.html) тулгуурлан үүнийг бичиж байна. Миний оруулсан “хувь нэмэр” гэвэл зарим нэг тоо баримтыг хянаж зассан, өөрийн гэсэн зарим санаа, сонирхолтой баримт нэлээдийг нэмж “монгол болгон” найруулсан. Бусад нь Алексей Волынецийн санаа болно. Үүнийг “зохиомжлон орчуулах” гэж нэрлэдэг явдал бий. 
Дэлхийн II зөвхөн анхны моторын дайн байгаагүй, харин ч морин цэрэг, агт морьдын сүүлчийн дайн байсан юм. Агт морьд үгийн шууд утгаар дайны хамаг хүндийг үүрсэн бөгөөд чингэхдээ фронтын хоёр талд адилхан үйлчилсэн юм.
Морьт цэргийн сүүлчийн дайн
1941 оны 6 дугаар сарын 22-ны эхээр Улаан Армийн буудлагын дивизэд албан ёсоор 3039 агт ногдож байжээ. Харин германы “вермахтад” бүр ч илүү, тэдний явган дивизэд албан ёсоор 6000 агт ногдож байв. ЗХУ-довтлох үед вермахтад сая илүү агт байсан ба түүний 88% нь явган дивизүүдэд ногдож байв.
Татах хүчний хувьд морьд автомашинаас маш олон давуу талтай байлаа: замгүй буюу бэрх замаар явдаг, шатахуун нийлүүлэлтээс хамаардаггүйудаан хугацаагаар тэжээл хэрэглэдэггүй, заримдаа өөрөө хоол тэжээлээ олдог. Энэ нь дайны нөхцөлд хамгийн гол асуудал байжээ.
1930-аад онд Семен Михаилович Буденный агт морьд дайнд хэрэг болно доо гэж хэлсэн нь туйлын зөв байв. 1940-өөд онд агт морьд Дорнод Европын замгүй газарт хожим бий болсон гинжит хуягт машинуудаас дутахгүй үүрэг гүйцэтгэсэн байна. Дайн эхлэхэд Улаан Армийн агт морьдын тоо 526,4 мянга байв. Гэхдээ 1941 оны 9 дүгээр сарын 1 гэхэд улаан армийн адуун сүрэг 1 сая 324 мянга болон өсчээ. Цаашдаа дайнд үйлчилсэн агт морьдын тоо байнга өсч байсан бөгөөд Улаан армийн агт морьдын хамгийн их тоо 1,9 саяыг давж байсан юм.
Морьд дайн байлдааны үед хүн шиг л үхдэг байсан, мөн эцэж цуцаж, өлсөж цангаж үхдэг байжээ. Хүний хохирлын тухай статистик ихээхэн зөрдөг байхад морьдын статистикийг бол ярих ч юм биш. Агуу Их Эх Орны дайны жилүүдэд тулалдааны талбарт сая илүү морьд үхсэн гэж үздэг. Немцийн морьдын хохирол үүнээс багагүй байсан нь мэдээж хэрэг.
ЗХУ дайны эхний жилд адуун сүргийнхээ бараг тэн хагасыг алджээ. Хэрэв 1941 оны 6 дугаар сард Зөвлөлтөд 17,5 сая агт морьд байсан бол 1942 оны 9 дүгээр сард ЗХУ-ын хянаж буй нутаг дэвсгэр дээр унага, гүүг оролцуулаад ердөө л 9 сая адуу үлдсэн байна.
Фронтод хагас сая агт
Эх орны Агуу Их Дайн эхэлмэгц ЗХУ-д адуу нийлүүлэгч цорын ганц эх булаг нь Монгол улс болов. Монголын агт нийлүүлэлт 1941 оноос эхэлсэн ба 1942 оны 3 дугаар сараас төлөвлөгөөт агт бэлтгэл хийж эхлэв. Ингээд дайны дөрвөн жилд БНМАУ Зөвлөлтөд 485 мянган монгол адуу нийлүүлжээ. Өөр нэг сурвалжид 500 мянга илүү гэж байдаг.
1941-1945 онуудад ЗХУ ямар ч мөнгөөр хагас сая агт олж чадахгүй байсан юм. Ийм их таваарын хэмжээний агт зөвхөн Хойт болон Өмнөд Америкт л байх боломжтой. Харин Монгол бол адууны эх орон байлаа. Түүнээс гадна үнийн асуудал огт гараагүй юм.
Монгол адууг төлөвлөгөөтэй, нөхцөлд үнээр нийлүүлдэг байсан ба энэ үнэ нь Монголын өрийг харилцан суутгах хэлбэрээр явагдаж байв. Энэ хүнд үед ч гэсэн ЗХУ ч гэсэн Монголд зүйл бүрээр тусалж байв. Үүний тод жишээ нь МУИС юм. Цэргийн салбарт бол бүр их дэмжиж байв.
Монголчууд ЗХУ-д адууны “ленд-лиз” хийсэн ба энэ нь цаг үеэ олсон, амин чухал тусламж байсан юм. Бэлчээрийн атлаа арчилгаа бараг үл шаардах, үлэмж тэсвэртэй монгол морьд Дорнод фронтын хүнд ширүүн нөхцөлд эрлийз хурлийз европ адуунаас хамаагүй илүү шандастай гэдгээ бүрэн харуулсан юм.
Ухаандаа 1942 оны 1-р сард Крымд гэнэт дулаарч оросын шавар шавхай үүсэхэд мориноос өөр тээврийн хэрэгсэл явж чаддаггүй байжээ. Ийм явдал дайны үед хавар, намар, зун цагт ихээхэн гардаг байв.
Дайны жилүүдэд малчин ардууд 32,5 мянган монгол адуу ЗХУ-д бэлэглэсэн ба энэ нь дайны үеийн 6 морин дивизийг хангахад хүрэлцэж байв.
Энэ бүхний үр дүнд 1943-1945 онд фронт дээр байсан таван адуу бүрийн нэг нь “монголка” буюу монгол морь байсан юм. Дашрамд дурдахад орос цэргүүд монгол морийг өхөөрдөж “монголка” гэж нэрлэсэн юм. Оросууд их хайртай юмаа ингэж “ка” төгсгөлтэй дууддаг юм.
“Монголчууд өөрсдийнхөө мах, ноосыг хүртэл зулгааж өгсөн” гэж Алексей Волынец чин шударгаар дүгнэж байгаа.
Монголын “ленд-лиз” зөвхөн тэсвэртэй монгол адуугаар хязгаарлагдаагүй юм. Дайны үед АНУ Улаан арми болон хүн амд 665 мянган тонн махан консерв нийлүүлсэн нь ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг бүгд мэддэг, ярьдаг. Тэгвэл БНМАУ эдгээр жилүүдэд ЗХУ-д 500 мянган тонн мах нийлүүлсэн юм. 800 мянган монголчууд өөрсдөө өлөн зэлмүүн байсан ч дэлхийн хамгийн баян, том улсуудын нэгээс дутахааргүй мах орост нийлүүлжээ.
Түүнээс гадна дайны үед БНМАУ-д Чингис хааны ан ав хийдэг аргаар өргөн авлалт үе үе зохион байгуулж, буга, зээр, зэрлэг гахай зэрэг амьтдыг төмөр замын станц руу дөхүүлэн бөөнөөр агнаад тэндээсээ махаа шууд ачуулдаг байв. 1944 оны мичин жилийн зуднаар байдал хүндрэхэд ч гэсэн ажил саарсан боловч зогсоогүй юм.
Стратегийн бараагаар хангахуй
Дайны үед БНМАУ 10 цагийн ажлын дэглэмээр ажиллаж байв. Монголын тал нутгаас стратегийн хамгийн чухал бараа ноос цутгаж байв. Ноос бол юуны өмнө цэргийн шинель юм. Шинельгүйгээр Дорнод фронтод зуны цагт ч гэсэн байлдах боломжгүй. Дайны үед АНУ Орост 54 мянган тонн ноос нийлүүлсэн бол БНМАУ 64 мянган тонн ноос нийлүүлсэн юм. 1942-1945 оны зөвлөлтийн таван шинелийн нэг нь “монгол” шинель байсан юм.
Ноосноос гадна арьс шир ч гэсэн стратегийн бүтээгдэхүүнд ордог юм. Монголын арьс шир, нэхий болон үслэг бүтээгдэхүүн дайны эхэн үеэс л ач тусаа үзүүлж эхэлсэн юм. Энэ нь нэхий дээл, малгай, бээлий, эсгий гутал зэрэг хэлбэртэй байв. Дайны үед хамгийн амин чухал зүйл нь цэргийн гутал байдаг. Гуталгүй цэрэг бол цэрэг биш бөгөөд байлдах ямар ч чадваргүй юм. Гутлын тоог одоогоор нарийвчлан гаргаагүй байна. Гэхдээ нийлүүлсэн мах, ноосны хэмжээгээр багцаалж бодвол гараад л ирнэ. Ямар ч гэсэн монгол малын арьсаар ихээхэн хэмжээний гутал хийж байсан нь эргэлзээгүй. Гуталнаас гадна суран бүс, бууны гэр, оосор зэргээс эхлээд цэрэг хүний бараг бүх хэрэглэлийг сураар хийдэг. Энд ч гэсэн монголын малын хувь нэмэр байгаа нь мэдээж.
Дашрамд өгүүлэхэд гутлын асуудал хоёр армид адилхан тулгарах нь мэдээж хэрэг. Энэ үед нягт нямбай германчууд цэргүүдээ дулаан гутлаар хангах гэж үйлдвэрлэлээ хүртэл өөрчилж байхад Сталин хамгийн амархан “орос арга” бодож олжээ. Тэр байлдаж буй цэргүүдэд хөлийнх нь хэмжээнээс 2-3 размераар том гутал тараахыг тушаасан байна. Генералууд нь яагаад гэж түүнээс асуухад: “орос цэрэг хөлөө яаж дулаалахаа өөрөө мэднэ” гэж Сталин хариулсан гэдэг. Нээрээ ч орос цэргүүд “том” гутлаа даавууны өөдөс, сонин хүртэл давхарлан ороож байгаад өвлийг давж чадсан байна. Зөвхөн энэ жишээнээс Сталин зүйргүй ухаантай хүн байсан нь харагддаг юм.
Ялангуяа хамгийн хүнд Москвагийн тулалдааны үед монголын дулаан хувцас аминд орж байсныг германчууд хүртэл үнэлсэн байдаг. Москвагийн тулалдааны хүнд үед “оросууд гүн ар талаасаа монгол нэхий дээл, эсгий гутал өмссөн сибирийн дивизүүдийг татан ирүүлсэн нь байдлыг орвонгоор нь эргүүлсэн юм. Оросын хахир хүйтэн өвлийн окопонд байлдахад дулаан нэхий дээл, эсгий гутал зэрэг дулаан хувцас буу зэвсгээс ч илүү амин чухал хэрэгтэй байсан юм” гэж германы нэгэн генерал тэмдэглэн үлдээжээ.
1941 оны 11 сарын 7-нд Москвагийн сөрөг давшилтад бэлтгэж байсан зөвлөлтийн нөөц явган дивизүүдийн нэлээд нь монгол хувцсаар иж бүрэн хувцасласан байжээ.
Дайны үед БНМАУ Зөвлөлтөд вольфрам аж үйлдвэрийн түвшинд нийлүүлэгч цорын ганц улс байжээ. Үүгээр германы “барс”, “ирвэс” танкийн хуягийг нэвтлэх чадвартай их бууны сум хийдэг байжээ.
Монгол хүн бүр
Монголчуудын хүч хөрөнгөөр бүтсэн “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” нисэх эскадрилийн тухайд хүн бүхэн сайн мэдэх учраас давтан ярих нь илүүц.
1941-1945 онуудад БНМАУ-ын зэвсэгт хүчин дөрөв дахин өсөж, бүх нийтээр цэргийн алба хаах хууль гаргасан юм. БНМАУ улсын төсвийнхөө 50% илүүг батлан хамгаалахдаа зарцуулж байв. Цэргийн армийн хүчин чадлыг ингэж нэмснээр Японы Квантуны армийн эсрэг нэмэлт хүчийг бий болгосон юм. Энэ нь ЗХУ-д Алс Дорнодоосоо нэмэлт хүч татаж, Германы фронт руу шилжүүлэх нэгэн нөхцөл бүрдүүлсэн билээ. Энэ нь наад зах нь Москвагийн тулалдаанд ихээхэн нэмэр болж чадсан юм.
1945 онд монголын арав дахь хүн бүр Японы эсрэг дайнд оролцсон юм. Монголын таван дивиз зөвлөлтийн Улаан Армитай хамт Хятадын Их Цагаан Хэрэм хүртэл давшсан билээ. Энэ нь Агуу Их Эх орны дайнтай харьцуулахад харьцангуй “амархан” дайн боловч 800 мянгахан хүнтэй БНМАУ-ын хувьд ихээхэн хүнд дайн байсан юм. Учир нь монголын цэргийн насны бүх хүн (!!!) энэ дайнд оролцсон бөгөөд дайчилгааны эрчмээрээ ЗХУ дахь Сталины дайчилгаанаас ч даван гарсан юм.
х х х
Энэ бүхэн Агуу Их Ялалтад Монголчуудын оруулсан оролцоо хийгээд хувь нэмэр юм. Бид Зөвлөлтийн цорын ганц үнэнч холбоотон байж, холбоотны үүргээ нэр төртэй биелүүлэн, ялалтын төлөө хамтдаа нэг хүн шиг зүтгэснийг түүх гэрчилнэ. Гэрчүүд нь хүртэл одоо амьд байна. Ялалтын Агуу Их Ой болоход хэдхэн сар үлдээд байхад манайхан таг дуугай, бараг л муу хэлэх шахаж байгаа нь хаанахын ямар үзэл суртал юм ?! 
Саяхны нэгэн жишээ. Сочийн Олимпийн өмнө манай хэвлэл мэдээлэл барууныг дагаж бараг бүтэн жил Олимпийн бэлтгэл ажлыг нь баахан муулсан. Сайн сайхан талаас нь бараг юу ч гаргаагүй. Гэтэл Олимп яг болсон чинь Ц.Элбэгдорж ширэн нүүрлэчихээд яваад очиж байгаа юм. Ингэж новшрох Ц.Элбэгдоржид л хэрэгтэй байдаг байх ?! Тэрэнтэй тэрэнгүй Олимп гайхалтай сайхан л болсон ш дээ…
Монголын эрх баригчид Агуу Их Ялалтын ойгоор барууныхантай “нийлчихээд” Ялалтын алдар суу, өөрийн алдар гавъяагаа дурсахгүй шахам байгаа нь түүхийн болон хойч үеийн өмнө үйлдэж буй гэмт хэрэг мөн.
Үүнийг Монголын эрх баригчид дурсдаггүй юмаа гэхэд ард түмэн дурсана. Бид Агуу Их Ялалтын баяраар Москвад болох парадад нэр төртэй очих эрхтэй ба үүрэгтэй…

Судлаач Х.Д.Ганхуяг.

http://ganaa.mn/

No comments:

Post a Comment